Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн гадаад гишүүний үнэмлэхээ гардаж авлаа
ШУА-ийн гадаад гишүүний үнэмлэхээ  гардаж авлаа

Оросын ШУА-ийн академич Н.С.Касимов МУ-ын ШУА-ийн гадаад гишүүний үнэмлэхээ  /2023.08.09/ гардаж авлаа.  

Академич Н.С.Касимовыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ШУА-ийн Их Чуулганаар Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гадаад гишүүнээр сонгосон юм. Тэрээр Оросын газарзүйн нийгэмлэгийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, М.В.Ломносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгчөөр өдгөө ажилладаг.

Н.С.Касимов нь ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Газарзүйн факультет, Физик газарзүйн тэнхимийг “онц” дүнтэй төгссөн, ландшафтын геохими, биогеохимийн шинжлэх ухааны үндсийг бий болгоход  онцгой хувь нэмэр оруулсан Оросын тэргүүлэх зэргийн газарзүйч, орчин үеийн газарзүйн шинжлэх ухааны ландшафт-геохимийн чиглэлийн хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч эрдэмтэн, ОХУ-д газарзүйн дээд боловсролыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Түүнчлэн хүрээлэн буй орчинд уул уурхай болон пуужин-сансрын үйл ажиллагаанаас үзүүлэх нөлөө, сав газрын гидрогеохимийн иж бүрэн судалгааг Байгал нуур, Сэлэнгэ мөрөн,  Оросын өмнөд хэсгийн усан ландшафтийн бэлчир Волга, Дон, Кубань болон Сибирийн голууд болох Обь, Енисей, Лена, Колым голууд  дээр тус тус гүйцэтгэсэн байна.

Сүүлийн 30 гаруй жилд Н.С.Касимов нь Монгол оронд эколог-геохимийн иж бүрэн судалгааг удирдан гүйцэтгэсэн ба тэр дундаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүрээлэн буй орчны геохимийн судалгааг анх удаа хийж байсан юм. Мөн Монгол орны Сэлэнгэ мөрний бассейны судалгааны ажилд ихээхэн хувь нэмэр оруулан олон залуу судлаачдыг бэлтгэжээ.


Бусад мэдээлэл