Монгол улсад математикийн ухааны эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсаны 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан МУИС-ийн Математикийн хүрээлэнгээс ойн баярын хурлыг энэ сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Баярын хурлын нээлтэд МУИС-ийн ректор, доктор А.Галтбаяр, Математикийн хүрээлэнгийн захирал, профессор Р.Энбхат, ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар болон үе үеийн математикчдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.
Математикийн хүрээлэнгийн түүхээс товч дурдвал 1967 онд Монгол Улсын ардын багш профессор Л.Шагдарын санаачилгаар ШУА-ийн Физик химийн хүрээлэнд Математик, онолын физикийн сектор байгуулагдсанаар Монгол улсад математикаар судалгааны ажил явуулдаг анхны нэгж үүсчээ. Тус секторын анхны эрдэм шинжилгээний ажилтнууд нь академич Х.Намсрай, академич Л.Дорж, доктор (Sc.D.) С.Будням, доктор (Ph.D) Ү.Бадам, Н.Сүхчулуун нар байлаа. 1969 онд физик-химийн хүрээлэн нь физик-математикийн хүрээлэн, химийн хүрээлэн гэсэн хоёр хүрээлэн болон зохион байгуулагдахад физик математикийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд математикийн сектор шинээр зохион байгуулагдаж эрхлэгчээр профессор Л.Шагдар ажиллаж байсан ба Доктор (Ph.D) П.Бэгзжав, профессор С.Тогмид, Доктор(Sc.D.) Д.Бямбажав, профессор Б.Чимэд-Очир нар эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв.
1973 онд ШУА-ийн бүрэлдэхүүнд математикийн хүрээлэн байгуулах тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч улмаар 1974 оны 3 дугаар сард Математикийн хүрээлэн нь Магадлалын онол математик статистик, Хавсрага математик, Программ хангамжийн гэсэн гурван сектор, Онолын физикийн групп, Монголын математикийн түүхийн групп гэсэн хоёр групптэйгээр байгуулагдсан бөгөөд хүрээлэнгийн анхны захирлаар академич Х.Намсрай ажиллаж байжээ.
Өдгөө тус хүрээлэн нь монголд математикийн шинжлэх ухааны судалгааны үндэсний цөм байж нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох, хүн төрөлхтөний шинжлэх ухааны мэдлэгийн санд хувь нэмэр оруулах, математикийн ухааныг түгээн дэлгэрүүлж нийгэмдээ үйлчлэх эрхэм зорилго тавин ажиллаж байна.
Хурлын дараа буюу 14.00 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны хурлын танхимд “Математикийн онол ба хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болох юм.