Монгол Улсын
Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжиж буй "Чингис хааны түүх соёлын
хүрээлэн" музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. /2020.04.02/
Бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, академич С.Чулуун зэрэг бусад албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын
Ерөнхий сайд У.Хүрэлсүх
"Өнөөдөр
монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Засгийн газар 2019 онд
Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү бүтээн
байгуулалтын ажлыг хаврын дунд сарын шинийн 17-нд ийнхүү эхлүүлж байна.
Энд монголын
түүхийн судалгаа сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын
хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх
юм.
Энэ нь эх түүхээ,
эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой"
гэв.
Төрийн тахилгат 10
уул, их гол мөрөн, нуурын рашаан усны дээжис, 21 аймгаас залж авчирсан үнэртний
дээжис зэргийг хүндэтгэн залж, шүншгийг бэлджээ.
Музейд
сургалтын танхим, номын сан зэргийг байгуулна
У.Хүрэлсүх: "Энэ бэлгэ дэмбэрэлтэй
сайхан өдөр Эзэн Чингис хааныхаа музейг бүтээн байгуулах ажлыг эхлүүллээ.
Музейн барилга хоёр жил баригдана, дээшээ есөн давхар, доошоо нэг давхартай байна. Энэ бол монголын ард түмний шүтээн музей болох болно. Төсөвт 53 тэрбум төгрөг суусан. Санхүүжилтэд гацах зүйл үгүй.
Бид үр
хүүхдэдээ түүхээ үлдээх, соён гэгээрүүлэх ёстой. Түүхийн хичээлийг энд
сургадаг байгаасай гэж бодож байна. Музейд сургалтын танхим, номын сан зэргийг
байгуулна. Гадаадад байгаа Элчин сайдуудад тухайн оронд нь байгаа Их Эзэн хааны
түүхтэй холбоотой үзмэр, дурсгалыг авчрах, эсвэл хуулбарыг авчрах үүрэг
өгсөн" гэв.
Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан
хэлээр орчуулан хүргэнэ
БСШУС-ын дэд сайд
Г.Ганбаяр "Олон улсын
эрдэмтэн судлаачид цуглан хурал зөвлөгөөн хийх боломжтой.
Мөн бодит үзмэрийг шилэн хоргоос үзээд гарах биш виртуаль байдлаар тухайн цаг
үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэж байна.
Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр орчуулан хүргэнэ. 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ. Энэхүү музейдээ дэлхийгээр тарсан түүхэн дурсгал, үзмэрүүдийг авах, хуулбар авах талаар 36 улстай холбогдсон" гэв.
Дашрамд дурдахад анх 1955 онд үүд
хаалгаа нээж байсан Байгалийн түүхийн музейг Мэргэжлийн хяналтын
ерөнхий газраас гаргасан дүгнэлтийн дагуу 2013 онд хаасан
билээ. Дүгнэлтэд “Байгалийн түүхийн музейн 1955 онд баригдсан барилга
ослын байдалд байна. Ашиглаж болохгүй түвшинд байна” гэдгийг дурдсан
байдаг.
2019 оны
долоодугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын шийдвэрийн дагуу ашиглалтын
шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж,
суурин дээр нь “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музей барихаар болсон.
Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар болсон
юм.