Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХИМИ-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурал маргааш үргэлжилнэ
“ХИМИ-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурал маргааш үргэлжилнэ

“ХИМИ-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурал  “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор зохион байгуулагдаж байна. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс санаачилж, МУИС, ШУТИС, МУБИС-тай хамтран хийж буй тус хурлын онцлог нь аж үйлдвэржилтийг дэмжихэд химийн салбарынхны оролцоо, боловсруулалтын салбарт тулгарч буй асуудлууд зэрэг өргөн хүрээг хамарч байгаа юм.

Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх,  нөөцийг зохистой ашиглах, хүнсний хангамж, аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, доройтол, цөлжилтөөс сэргийлэх, усгүй технологи, нүүрстөрөгч багатай ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хог хаягдлын менежментийг сайжруулж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нөөцийг хэмнэх зэрэгтэй холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэхэд химичдийн оролцоог тодорхойлох, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ хурлын зорилго чиглэж байна.

 “Хими 2022” эрдэм шинжилгээний хурлыг химийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна энэ салбартай холбоотой бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, бодлого барьдаг  төрийн байгууллага гээд бүхий л чиглэлийн төлөөллийг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулж байна.

Тодруудбал, Улаанбаатар хот болон орон нутгийн 14 их, дээд сургууль, 13 эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, 7 ерөнхий боловсролын сургууль, 4 яам, 5 агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар 3, хувийн хэвшлийн 7 аж ахуйн нэгж, нийт 61 байгууллага оролцож, химийн шинжлэх ухааны олон чиглэлийг хамарсан 108 илтгэлийг нэгдсэн болон 5 салбар хуралдаанаар хэлэлцүүлж байна. 

Салбар тус бүрийн хурлаас зөвлөмж, шийдлийг гаргаж, энэ сарын 11 буюу маргааш болох нэгдсэн хуралд төрийн болон хувийн хэвшлийн ААН-тэй хэлэлцэх юм.   Мөн хурлын үеэр зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд 19 компани үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчилж оролцов.

Хурлын үеэр химичид судалгааны ажлын шинэ үр дүнгээ хэлэлцэн, цаашдын судалгааны ажлын чиглэлээ ярилцана, төрийн байгууллага, үйлдвэрлэгч нарынхаа санаа бодлыг сонсож, улс орны болон бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх төслүүдийг хамтран  хэрэгжүүлэх талаар саналаа солилцоно.

 


Бусад мэдээлэл