Монгол, Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Дэд ерөнхийлөгч, доктор, проф. Во Кхань Винь тэргүүтэй 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийв.
Айлчлалын бүрэлдэхүүнд БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн захирал, доктор Жан Куанг Минь, Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд проф. Нгуен Ван Нъят, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд проф. Нгуен Заанг Хай, Шинжлэх ухааны менежментийн газрын дарга, доктор, дэд проф. Жан Ти Ан, Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Лыу Ань Дүэд, Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн Солонгос, Монгол судлалын төвийн дарга, доктор Нгуен Ти Там, Намын үүрийн ажилтан Лэ Хай Нам нар байв.
Төлөөлөгчдийг Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин хүлээн авч уулзан, ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов. ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин зочдыг хүлээн авч уулзахдаа “2012 онд анх гэрээ байгуулсан харилцаж эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл богино хугацаанд академи хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, харилцан айлчлалууд хийгдэж, 2012 оны 11 сард БНСВУ-ын Ерөнхий сайдын ивээл дор Ханой хотноо зохион байгуулагдсан “Вьетнам судлалын олон улсын 4-р их хурал”-д манай эрдэмтэн судлаачид оролцож, хоёр академийн ерөнхийлөгчдийн санаачлагаар Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн дэргэд “Вьетнам судлалын төв”, БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн дэргэд “Монгол судлалын төв”-ийг байгуулан ажиллаж байгаа нь шинжлэх ухааны байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд, мөн түүнчлэн хоёр орны хоорондын бүх салбарын харилцааг илүү сайн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан монгол, вьетнамын эрдэмтэд, судлаачид хамтран өөнгөрсөн хугацаанд харилцаа хэрхэн явагдаж байсан талаар судлан, хоёр орны ард түмэнд харилцаа, хамтын ажиллагааны талаар бодит мэдээлэл өөгөх зорилгоор монгол, вьетнам хэлээр хэвлүүлж, эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны практик эргэлтэд оруулахаар ажиллаж байгаа нь ач холбогдолтой, чухал бүтээл болно гэж найдаж байна ” гэдгийг онцлов.
Айлчлалын хугацаанд төлөөлөгчид Олон улс судлалын хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай уулзаж, хүрээлэнгүүд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, судалгаа хийх талаар ярилцацгаав. Тухайлбал, Хэл зохиолын хүрээлэнгүүд, “Вьетнам судлалын төв”, “Монгол судлалын төв”-тэй хамтран “Монгол-Вьетнам хэлний толь бичиг”, “Вьетнам- Монгол хэлний толь бичиг” боловсруулж гаргахаар санал гарган, судалгааны ажил эхлүүлэхээр тохиролцов. Толь бичиг нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажил гэдэгтэй хоёр тал санал нэгдэв. Түүнээс гадна Түүх, Археологийн хүрээлэнгүүд хамтран 13-р зууны үеийн болон социализмын үеийн Монгол-Вьетнамын харилцааны тухай судлахаар тохиролцов. Мөн зочид Хошиминий нэрэмжит Нийслэлийн 14-р дунд сургуульд зочилсон байна.
БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ, Шадар сайд Д.Тэрбишдагва нар хүлээн авч уулзан, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд шинжлэх ухааны байгууллагуудын хувь нэмэр чухал, шинжлэх ухаан ямагт анхдагч байх ёстой, тэр журмаас гажилгүй харилцаагаа хөгжүүлж байгаад хоёр Академид талархал дэвшүүлээд, Монгол, Вьетнам судлалыг хөгжүүлэх, толь бичиг хийх зэрэг хамтарсан судалгааны ажлуудыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалын чухал хэсэг нь Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Олон Улс Судлалын Хүрээлэнгийн зүгээс Гадаад Харилцааны Яам, Шинжлэх Ухааны Академи, БНСВУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, БНСВУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран 2014 оны 5 дугаар сарын 27-нд зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон явдал байлаа.
“Монгол-Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран” сэдэвт энэхүү эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, БНСВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Фан Данг Дыөнг, Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн дэд ерөнхийлөгч Во Кхань Винь нар оролцож, нээлтийн үгийг хэлэв.
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг хурлыг нээж хэлэхдээ, Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд жилээс жилд өргөжин хөгжиж ирсэн ба манай хоёр орны ард түмэн энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа дээдлэн, хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж, бие биедээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтайг онцлон тэмдэглэж байв.
БНСВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Фан Данг Дыөнг хэлэхдээ, өнгөрсөн 60 жилийн хугацаанд, хэдийгээр олон улсын болон бүс нутгийн байдал ихээхэн өөрчлөгдсөн ч гэсэн Вьетнам, Монгол хоёр улс мөр мөрөө түшилцэн, манай хоёр орны ард түмэн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эрх чөлөөгөө батлан хамгаалах, эх орноо бүтээн байгуулж, цогцлоон хөгжүүлэх их үйлсэд харилцан туслалцаж, хамтран тэмцсээр ирсэн гэжээ.
Тус эрдэм шинжилгээний хуралд БНСВУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Зүүн хойд Ази судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд уригдан оролцсон бөгөөд хурлаар “Вьетнам-Монголын харилцаа: Зарим чухал онцлог шинж чанарууд ба хэтийн төлөв”, “БНСВУ- Монгол Улсын АСЕАН-д гарах гарц”, “Вьетнам-Монголын эдийн засгийн харилцаа”, “Монгол-Вьетнамын соёлын харилцааны түүхэн өв, өнөөгийн ололт” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ. Тухайлбал, БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн Солонгос, Монгол судлалын төвийн дарга доктор Нгуен Ти Там илтгэлдээ, хоёр тал хамтран ажиллах чин хүсэл эрмэлзлийнхээ үндсэн дээр хүч бололцоогоо ашиглаж, хөгжлийн сорилт бэрхшээлийг хамтын хүчээр даван туулсанаар хоёр орны эдийн засгийн харилцаанд эхний үр дүнгээ өгч байгаа ч өнөөгийн эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр орны боломжит нөхцөл байдал, хүчин чадалд нийцэхгүй байна хэмээн дүгнэсэн байна. ШУА-ийн ОУСХ-ийн захирал Д.Шүрхүү өөрийн илтгэлдээ, өдгөө хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нь улс төр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт түлхүү хөгжиж байгаа ч худалдаа, эдийн засгийн харилцаа харьцангүй сул байна хэмээн дүгнэсэн бөгөөд цаашид манай улс БНСВУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хэмжээнд нээлттэй байгаа гадаад худалдааг хөнгөвчлөх, тээврийн асуудлыг хялбарчлах боломжуудыг ашиглах замаар дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх зэрэг практик үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна гэв.
Ийнхүү, эрдэм шинжилгээний хурлаар Монгол-Вьетнамын харилцааг улс төр, эдийн засаг, соёл зэрэг бүхий л талаас нь хамран ярилцаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойшх 60 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийн талаар илүүтэй анхааран хэлэлцсэн нь ихээхэн ач холбогдолтой боллоо.
Төлөөлөгчид айлчлалын хугацаандаа Төв аймгийн Сэргэлэн сумын малчин н.Батсайханыд зочлон, хөдөөгийн жирийн иргэдийн аж амьдрал, Монголын сайхан байгальтай танилцав.
БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал ач холбогдолтой, амжилттай болж өндөрлөлөө.