Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ШИНЖЛЭХ УХААН-100” хүндэтгэлийн хурал боллоо
“ШИНЖЛЭХ УХААН-100” хүндэтгэлийн хурал боллоо

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал /2021.11.26/ боллоо. 1921 оны 11 дүгээр сард Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамъян гүнг томилон ажиллуулснаар манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигдсан түүхтэй.
Өнгөрсөн 100 жилд Монгол хүн сансарт нисэж, персонал компьютер угсарч үйлдвэрлэн, экспортод гаргаж, их энергийн физикийн туршилтын үр дүнг боловсруулахад онолын шинэ үр дүнг бий болгож, Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг, Монгол угсаатан хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, 2500 жилийн настай археологийн олдворууд, Монгол орны биологийн олон янз байдал, экосистем, биологийн нөөц зэрэг олон чиглэлээр судалгааны ажил хийж, ард түмний амьдрал ахуй, улс орны хөгжлийг хурдасгасан үр дүнг гаргасан билээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ цаашид уламжлал, шинэчлэлийг хослуулсан шинэчлэлийг эхлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын менежментийг боловсронгуй болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор, технологи, инновацийн кластер, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгох замаар судалгааны орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий эрдэмтэн судлаачдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг онцлов.

Мөн ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсад Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг үр өгөөжтэй өрнүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт   манай салбарын үүрэг  өнөөдөр улам бүр нэмэгдсээр байна. Ёудалгаа-хөгжүүлэлтийн ажлын үр дүн, өгөгдлүүд нийгмийн үнэт баялаг болж буй түүхэн энэ цаг үед эх орныхоо хөгжлийн төлөө эрдэм ухаанаа бүрэн дайчлан, мэдлэг бүтээх, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгийг эдийн засагжуулах үйлст оруулах хувь нэмрээ улам  нэмэгдүүлэхийг  эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаачдадаа  уриаллаа.   

УИХ-ын дарга Г.Занданшатар шинжлэх ухааны түүхт ойн баярын үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар илгээлт ирүүллээ.
Мөн энэ үеэр ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжлийн хувьсал” илтгэл тавьсан юм.
"Шинжлэх ухаан-100" хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ШУА-ийн хүрээлэнгүүд, эрдэмтэнд судлаачдын түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг харуулсан үзмэр бүхий үзэсгэлэн, Виртуаль музейн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
 


Бусад мэдээлэл