ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

   Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны Академийн Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулганы гишүүн, Түүхийн ухааны доктор (Ph.D.), дэд профессор Лхагвасүрэнгийн Эрдэнэболд 2026 оны 3-р сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын шинжлэх ухааны салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
   Доктор Л.Эрдэнэболд нь Монгол Улсын шилдэг сайн судлаач, археологич, угсаатны зүйч төдийгүй шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч байв. Тэрбээр 1977 оны 06-р сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн. 1995-1999 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр дүүргэж, 2001 онд түүхийн ухааны магистрын зэрэг, 2005 онд Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, төвөд, буддын судлалын хүрээлэнд түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалж, 2014 онд дэд профессор цол хүртжээ.  
   Л.Эрдэнэболд 1999-2002 онд Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2005 онд Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, төвөд, буддын судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, аспирант, 2005-2009 онд Монголын Үндэсний Түүхийн Музейд эрдэм шинжилгээний ажилтан, 2009-2025 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд ахлах багш, дэд профессор, 2020 оноос ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2025 оноос тус хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байлаа.
   Доктор Л.Эрдэнэболд нь Монгол Улсад төдийгүй дэлхийн монгол судлал, олон улсын археологичдын хүрээлэлд нэр хүндтэй, шилдэг эрдэмтэн байсан юм. Тэрбээр Ойрад монголчуудын уламжлалт шүтлэг бишрэл, түүхэн угсаатны үйл явцын судалгаагаар эрдэм шинжилгээний ажлын гараагаа эхэлж, Монголын эртний төрт улсуудын түүх, археологийн цогц судалгааны ажлуудад тасралтгүй 30 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрдэмтэн билээ. Доктор Л.Эрдэнэболд нь нэгэн сэдэвт бүтээл 5, хамтын бүтээл 40, эрдэм шинжилгээний өгүүлэл 147, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл 128, эрхлэн нийтлүүлсэн бүтээл 19, эрдэм шинжилгээний тайлан 200 орчмыг бичиж нийтлүүлсэн уйгагүй хөдөлмөрч мэргэшсэн судлаач байсан юм. Түүний бүтээлүүдээс англи, герман, япон, солонгос, хятад, турк зэрэг хэлнээ нийтлэгджээ. Мөн доктор Л.Эрдэнэболд олон улсын хэд хэдэн мэргэжлийн сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа.
   Л.Эрдэнэболд эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа зэрэгцээ 1999 оноос их, дээд сургуулийн түүхийн мэргэжлийн ангиудад Монголын түүх, угсаатны зүй, археологийн хичээл зааж, 2009 оноос ШУТИС-д багшилж 20 орчим оюутны бакалаврын ажил, 10 гаруй магистр, 1 докторын зэрэг горилсон ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан сурган хүмүүжүүлэгч байв.
Доктор Л.Эрдэнэболд нь Монголын түүх, угсаатан судлал, археологийн шинжлэх ухааны чиглэлээр тасралтгүй 30 орчим жил ажиллахдаа Монгол-Америкийн хамтарсан “Байрам” төсөл, Монгол-Туркийн хамтарсан “Орхоны хөндий дэх Түрэгийн түүх, соёлын дурсгал”, “Туулын хөндийн соёлын өвийн судалгаа”, Монгол-Бельгийн хамтарсан “Хүннүгийн дурсгалыг судлах нь”, Монгол-Оросын хамтарсан “Чинтолгой”, “Монгол нутаг дахь Хүннүгийн хот суурины судалгаа”, “Нүүдэлчдийн эртний хот суурин”, Монгол-Голландын хамтарсан “Mon Arch”, Монгол–БНХАУ-ын хамтарсан “Монгол нутаг дахь нүүдлийн соёл иргэншлийн судалгаа”, Монгол-Казахстаны хамтарсан “Монгол Улсын нутаг дахь Түрэгийн соёлын өв”, Монгол-Солонгосын хамтарсан “Хүннү эзэнт гүрний урлаг”, Монгол-Унгарын хамтарсан “Khi land” зэрэг археологийн олон улсын хамтарсан төслүүдэд судлаач, талбайн ахлах археологич, төслийн удирдагчаар ажиллаж төслүүдийн үр дүнг ном бүтээл болгоход манлайлан оролцсон мэргэжлийн археологич, шинжлэх ухааны чадварлаг зохион байгуулагч, менежер байв.
   Доктор Л.Эрдэнэболд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУТИС, Чингис хаан Үндэсний музейн археологийн судалгааны хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Түүний ахлан ажилласан Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн хүрээнд XIII зууны  үеийн Чингайн хот - Халзан ширэгийн балгас, Булган аймгийн Баяннуур сумын нутгаас эртний Түрэгийн түүхэнд холбогдох “Шороон бумбагар” хэмээх бунхант булш, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Оорцог уулын цогцолбор булш, Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Найдаг уулаас Хятаны их, бага бичээсийн шинэ дурсгалыг тус тус нээн илрүүлж, судалгаа явуулсан нь Монголын төдийгүй дэлхийн археологийн шинжлэх ухааны чухал нээлтэд тооцогдох томоохон судалгаанууд юм.
   Доктор Л.Эрдэнэболд 2025 оноос ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллах хугацаандаа олон улсын хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, шинжлэх ухааны бүхий л ажлыг чадварлагаар зохион байгуулж байсан билээ. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын түүхийг 30 ботиор туурвих ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, Жужан улс, Хятан улсын түүхийн ботиудын редактороор ажиллан, Монгол Улсад түүхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө тууштай, идэвх зүтгэлтэй ажиллаж байсан юм.
   Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны Академийн Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулганы гишүүн, Түүхийн ухааны доктор (Ph.D.), дэд профессор Лхагвасүрэнгийн Эрдэнэболдын эгэл даруу, уйгагүй хөдөлмөрч, хичээнгүй, бүтээлч, шинийг эрэлхийлэгч, хүний төлөө гэсэн нинжин сэтгэл, нөхөрсөг, шударга, зарчимч, эелдэг зөөлөн зан чанар нь эрдмийн хамт олон, шавь нар, анд нөхөд, монгол судлал, түүх-археологийн судалгааны эрдмийн ертөнцөд мөнх дурсагдан үлдэх болно. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран ажиллагсад, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

                                                                   МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД, Ц.ТУВААН
                                                                           СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ
                                                               МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР
                                                                           ШУА-ИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН
                                                                                         ШУА-ИЙН ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН
                                                                                                  ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
                                                                                                  ШУА-ИЙН ХАРЬЯА ХҮРЭЭЛЭНГҮҮД
                                                                              ТӨВ АЙМГИЙН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ


Бусад мэдээлэл
Мэндчилгээ
29 өдрийн өмнө