Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.
Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 95 дахь дугаарт доктор Г.Батмөнх, Б.Мөнх-Эрдэнэ нарын бичсэн “Монгол шагайн наадгай” бүтээлийг хэвлэн нийтлүүлэв.
Тус бүтээлээс монголчуудын уламжлалт наадгай болох шагайн наадгайн үүсэл хөгжил, холбогдолтой аман наадгай, төрөл зүйлийн талаар сонирхоорой. Тоглоом наадгай нь хэдийгээр зугаа цэнгэлийн хэрэгсэл мэт харагдах боловч үндсэн агуулгын хувьд тухайн ард түмний угсаа гарваль, ахуй амьдралын хэв маяг, шүтлэг бишрэл, хорио цээр, ураг төрлийн тогтолцоог өөртөө агуулдаг аж. Тэр хэрээр тоглоом нь тухайн ард түмэн юм уу бүс нутаг, угсаатны бүлгийнхний бусдаас ялгарах, өөрсдийн гэсэн нийтлэг хэв маягийн нэг илэрхийлэл нь болдог байна. Монголын уламжлалт тоглоомын төрөл зүйлийн дотор шагайн тоглоом чухал байртай. Монголчууд эрт дээр цагаас мал амьтны яс, шагайгаар өвөрмөц тоглоом наадгайг урлаж, бий болгон үр хойчдоо өвлүүлэн уламжлуулж, сурган хүмүүжүүлж иржээ.