ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, “Ногоон алт” төсөл хамтран Академич Ц.Даваажамцын нэрэмжит “Монгол орны ургамалжил-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 15-ны өдөр ШУА дээр зохион байгууллаа. Хуралд ШУА-ийн харъяа хүрээлэн, төвүүд болон Мал аж ахуйн хүрээлэн, МУИС, ХААИС, Оюу толгой ХХК-ийн төлөөлөл оролцов. Хурлын үеэр ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн И.Түвшинтогтох “Хээрийн ургамалжлын үндсэн хэвшлүүд ба доройтлын таниур ургамлууд”, тус хүрээлэнгийн эрдэмтэн Ч.Доржсүрэн “Хэнтийн нурууны ойн ургамал бүлгэмдлийн өөрчлөгдлийн судалсан дүн”-г танилцуулсан бол Оюу толгой ХХК-ийн ажилтан Ж.Санжид “Өмнөд говийн нэн ховор ургамал”, Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн Б.Мандах “Урал чихэр өвсний онтогенез буюу амьдралын эрэлтийг судалсан дүн”, Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийн эрдэмтэн А.Чимэдцогзол “Ургамлын спектрийг мониторинг судалгаанд ажшиглах боломж” сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Мөн хурлын үеэр зургийн уралдааны дүнг танилцуулсан бөгөөд Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Зоёо, О.Мөнхзул, Н.Очгэрэл нар шалгарсан юм.