ТҮҮХЧДИЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН НЭВТРҮҮЛЭГ БА ТҮҮХЧИД
Эрэн сурвалжлагч сэтгүүлч У.Болортуяагийн “ТҮҮХЭЭ ХУДАЛДСАН ТҮҮХЧИД” гэсэн нэвтрүүлгийг анх сонссон хүнд уур хүрч, ухаан санаа хямрамаар сүртэй нэртэй нэг талаас мөрдөн байцаалтын нөгөө талаас зарим түүхч, судлаачдыг хагаралдуулж талцуулсан нэвтрүүлэг цацагдаж олны дунд багагүй шуугиан тарьлаа. Эх түүхээ худалдсан, мөнгө төгрөг авсан, хятадын талд орсон урвагчид гээд бүр сүүлдээ улс төр рүү орж, Монгол, Хятадын харилцаанд ан цав оруулмаар, албан тушаал буцаацалдсан, зэрэг дэв, шагнал урамшуулал хураах, өш хонзонгоо авах гээд өчнөөн сөрөг үр дагавар дагуулсан “аймшиг” гэхэд багадмаар зүйл болж хувирав. Нөгөө Ковид-19-ийн үед сэтгэл санаагаа тайван байлга, эвтэй бай, уур бухимдалгүй, гүжир гүтгэлэггүй, дархлаагаа дэмжээрэй энэ тэр ч яамай болов. Засгийн бодлого, УОК-ийн зөвлөмж зааварч юу ч биш боллоо.
Ийм нэвтрүүлэг хийх хэрэг байв уу? Нэгэнт Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Тагнуулын байгууллага нь Манжийн үеийн түүхийн материалын хуулбарыг Хятадын талд өгсөн түүхчид, холбогдох хүмүүсийг нь дуудаж асуугаад ном ёсоороо хоёр улсын хоорондын гэрээгээр зохицуулагдсан үйл ажиллагаа гээд дүгнэлт гаргачихсан байхад заавал дахин дахин сэдээж нийгмийг үймүүлж сүүлдээ түүхчдээ түүхчид нь гүтгэж, албан тушаалыг нь хурааж ав хэмээн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлээд авав. Зорилго нь энэ байсан юм гэж үү? Тэрний оронд худалдсан гээд байгаа материалд байгаа агуулгыг нь манж хэлнээс нь уншаад, орчуулаад ийм чухал нууцыг өгсөн байна гээд судалгаатай нотолгоотой ярьж түүхийн асуудлаа хөндөхийн оронд албан тушаалаас нь чөлөөлж, академичийн нэр хүндийг нь харлуулахыг эрхэм болгосон нь илт байна аа. Түүхдээ “хайртай” түүхчдийн дотор манж хэлээр орчуулах нь битгий хэл уншиж чадах хүн байна уу?. Манж хэлээр бичсэн “нууц” баримтаас ганцийг нь ч бол аваад орчуулаад тайлбарлаад өгсөнгүй. Эндээс юу бодогдож байна вэ?
1980 оны МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 70 дугаар тогтоол гарч түүхч Г.Сүхбаатар, Л.Жамсран нарын зохиосон “Монголын түүхийн сурах бичиг”, “Монголын түүхийн дээж бичиг” зэрэг бүтээл нь марксизм-ленинизмын зохиол ашиглаагүй, хятадын сурвалж бичгийг өргөн ашиглаж залуу үеийг буруу хүмүүжүүлэхэд хүргэсэн гэж буруутгаж намаас нь хөөж, ажил албанаас нь халж улмаар судалгаа хийж хэвлэн нийтлүүлэх эрхийг нь хасаж 2 жил ажилгүй байлган хохироосон. Монголын түүх бичлэгт жин дарах бүтээл туурвисан, хятад хэлэнд цагаарсан, хятад эх сурвалжийг ашигладаг чадалтай хоёр эрдэмтнээ тэр үед бас л Хятадын талыг баримтлагч болгон хэлмэгдүүлсэн. Хятадын түүхийн материал ашигласан гээд бид хятад болоогүй, Хятадууд та нар манай түүхийг ашигласан одоо манай тал болсон гээгүй л байна. Энэ хэрэгт 11 түүхч, эрдэмтдийг холбогдуулан буруутгасан ч 1990 онд цагаатгасан. Гэтэл “Түүхээ худалдсан түүхчид” нэвтрүүлэгт орж байр сууриа илэрхийлсэн хятадын сурвалж бичгийг өргөн ашиглаж залуу үеийг буруу хүмүүжүүлсэн гэж хэлмэгдсэн нэрт түүхч Л.Жамсрангийн охин ТШУ-ны доктор, профессор Жамсрангийн Урангуа “Нэг талд давуу эрх олгож бүхэл бүтэн хөмрөг материал өгчөөд хариуд нь манайх юу ч үгүй сууж байна гэдэг бол байж болшгүй болохгүй зүйл” гээд яриад сууж байгаа нь харагдав. МУИС-ийн багш, доктор Д.Анхбаяр бүр ноцтой гуйвуулга хийсэн. “Манж Чин улсыг, БНХАУ өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, албан ёсны залгамжлагч болохоор бүх юмыг дэлхий олон нийтэд ингэж сурталчилж байгаа энэ үед М1 данс буюу ерөнхийдөө Манжийн үеийн, Манжийн эрхшээлийн үеийн, Монголын 200-аад жилийн гол албан баримтыг ямар ч боловсруулалтгүйгээр ингээд өрсөлдөгч улс оронд хэвлэн нийтлүүлнэ гэдэг бол энэ түүх бичлэг, үндэсний аюулгүй байдал, соёл иргэншлийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх ийм зүйлүүд болж байна” гэж байх юм. Ярьсан зүйл нь хоорондоо тун ч авцалдаагүй. Хүн мэдэхгүй юмандаа зоригтой байдаг гэдэг дээ. Д.Анхбаяр бол сайн түүхч, ялангуяа перс, араб хэлтэй, Исламын оронд байгаа Монголын түүхийн материалыг судлах талаар багагүй бүтээл туурвиж байгаа нь баярлууштай байдаг. Гэтэл манж хэлээр байгаа ганц баримтыг уншаад орчуулаад энэ нь ийм нууц байсныг зарсан байна гэхийн оронд ганцхан Чулуун гэдэг хүнийг муухай болгох цаашлаад уг асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбон мушгиж хэзээ хэзээгүй хятадууд орж ирээд эзэлж аваад танайх манай харьяанд 200 жил байсан худлаа гэвэл Чулууны “зарсан” баталгаат материал нь энэ байна гэж айлгах юм гэнэ. Монгол Улс, БНХАУ хоёр чинь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай улсууд, эрх тэгш, хөрш улсууд, харилцан бие биеэ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн улсууд. Хэдийгээр БНХАУ-ын дотор зарим судлаач, зарим хүмүүс Монгол Улсыг өөрийн нутаг дэвсгэрт хамааруулдаг явдал байдаг ч гэсэн үндэсний аюулгүй байдлын асуудлыг хоёр улсын төрийн хэмжээний баримт бичгийн хүрээнд авч үзэхээс биш явган яриа, баталгаажаагүй зүйлтэй шууд холбон “Хол байгаа гайг нааш нь дуудаад” хэрэггүй биз дээ.
Иргэн Г.Баттогтох гэх МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тамгын газрын Албаны зөвлөх, Монгол хэл, уран зохиолын багш нөхөр төр засаг, шүүх цагдааг зэмлэсэн, Чулууныг сайд болсонд хорсож атаархсан, асуудлыг улам дэвэргэсэн тайлбар өгөв. “Яагаад архивын баримт бичгийг хятадын сайтуудаар зарж байгаа юм. Яагаад чимээгүй байгаад байна. Энэ төр засаг яагаад ажиллахгүй байгаа юм. Шүүх цагдаа үүнийхээ араас яагаад хөөцөлдөхгүй байгаа юм бэ?, Энийг зарсан борлуулсан гэрээ хэлцэл хийсэн Чулуун яагаад соёлын сайд болчихоод байгаа юм гэхчилэн хоорондоо логикгүй “сонин” юм ярьв. Гэрээнд 4 хүн гарын үсэг зурсан түүнээс хамгийн муухай, муу нь зөвхөн Чулуун гэж ойлгуулахыг оролдож байх юм. Нөгөө 3 хүний нэрийг нь чинь мэдэхгүй бололтой. Тэрээр цааш нь “Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах, заналхийлсэн гэмт хэрэг гэж би бодож байна” гэв. Бидэнд нэг юм тун ойлгомжгүй байна. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан нууц баримт нь яг аль нь юм бэ? Урд талдаа байгаа 20 ботиос шүүрч аваад Манжаас уншаад орчуулаад за яг энэ баримтууд нь хамгийн ноцтой нь ийм учраас бид ингэж яриад байгаа юм гэвэл үнэмшихсэн. Түүнчлэн иргэн Г.Баттогтох нэг их олон тоо бодоод л асар их ашиг олсныг нь мэдэж байгаа мэт аашлах нь бас л сонин. Магадгүй Хятадын нэг нөхөр энэ 20 ботийг нэг хувийг олж аваад хятадын худалдааны сайт эсвэл Амазон дээр тавиад 3000 ам доллараар худалдаж байж болно. Гэхдээ энэ 20 боть баримт Харри Поттер шиг зарагдахгүй. Тэгээд ч манж хэл мэддэг судлаач тийм олон байхгүй байх аа.
Ер нь Чулууныг сайдын албан тушаалаас буулгах зорилгодоо ямар ч үнээр хамаагүй хүрэхийг улайраад байгаа болохоос Манжийн М1 гэдэг дансыг сөхөж үзээгүй, юу байгааг нь мэдэж байгаа юм уу? гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. МУБИС-ын багш Д.Идэр бараг зөн билгийн тулаанд ороод бүхнийг шууд мэддэг хүн шиг “Бид нар өнөөдөр архиваа гадна өгөөд ингээд байх юм бол хожмоо Монголын тусгаар тогтнолд аюултай баримтуудыг бидний эсрэг ашиглана ш дээ” гээд шууд хэллээ. Доктор Б.Чинзориг “Энэ чинь манай улсын оршин тогтнох, байдалтай холбоотой асуудал” гээд л бас ижил зүйлийг давтав. Энэ нэвтрүүлэгт оролцсон, Өлзийбаатар, Чулуун гэдэг хоёр түүхчийн эсрэг буй эдгээр түүхчид хэлэлцсэн юм шиг нэг л зүйлийг манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал байхгүй болоод өнөө маргаашгүй Хятадад эзлэгдээд дуусна. Ийм “гай”-г Өлзийбаатар, Чулуун хоёр авчирлаа. Чулууныг сайдаас нь хус, Өлзийбаатарын төрийн соёхлыг хурааж аваад сумын 10 жилийн түүхийн багш болго гэсэн санаа агуулагдаад байгаа болохоос бус жинхэнээрээ эх орныхоо төлөө санаа зовж байгаа зүйл харагдахгүй л байна. Ингэж улс орон, тусгаар тогтнолоо алдаад байгаа мэтээр хүмүүст буруу ойлголт өгч болохгүй байх аа.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад 1980 оны МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 70 дугаар тогтоол гарч түүхч Г.Сүхбаатар, Л.Жамсран нарыг болон 1980, 1981 оны МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хоёр тогтоол гарч Академич Б.Ширэвдэвийг зарчимгүй, хариуцлагагүй, нэр алдар хөөцөлддөг зан байдал, үйл ажиллагаа, шинжлэх ухаанд их хор хүргэж, эрдэмтэн хүний ёс суртахууныг бүдүүлгээр зөрчсөн нь ШУА-ийн гишүүдийн эгнээнд байж болохгүй гэж баалан хэлмэгдүүлж байсантай адил энэ хоёр хүнийг хэн ч биш болговол манай улсын тусгаар тогтнолыг аврах уу? Тэгээд дараа нь яах юм бэ? Санаа нь амарч хэлмэгдэл үүсгэсэн хүмүүс нь баярлаад үлдэнэ, амьдрал цааш үргэлжлээд л явна. Нөгөө эх орон тусгаар тогтнолын асуудал нь муулаад байсан хүнтэйгээ мартагдана. Тиймээс түүхчид минь талцаж хуваагдаад хоорондоо “алалдаад” юу хожих юм бэ? Харин хамтарч суугаад алдаа байвал хэрхэн засахаа ярилцаад, ойлголцоод цар тахлын үед эв түнжинтэй байх нь тусгаар тогтнолд маань илүү хэрэгтэй байх аа.
Эрэн сурвалжлагч сэтгүүлч У.Болортуяа нэвтрүүлэгтээ хэтэрхий нэг талыг барьсан түүхчдийг оруулсан. Яагаад Түүхийн хүрээлэн, ШУА-ийн гишүүдээс, манай нэртэй түүхч, судлаач нараас ярилцлага авааагүй юм бол оо?. Манайд манж хэл сайн мэддэг эрдэмтэд цөөн ч гэсэн байна. Тэд нарыг оролцуулж гол материалуудыг орчуулж яриулсан бол чухал байлаа. Аливаа асуудалд бодит байдал үнэнд их ойртуулж хандвал зохистой билээ.
Эцэст нь үндэсний аюулгүй байдлыг хангаж, тусгаар тогтнолыг бат хадгалахын язгуур үндэс нь түүхийн алдаанаас сургамж авч эв нэгдлийг ханган, гадаад, дотоод байдлаа бэхжүүлж, учирч болох аюулыг нэг санаатай атгасан гар шиг цул болж байж даван туулах учиртай билээ.
Ахмад судлаач, доктор Зээрднүүд овогт Д.Сүхбаатар