Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны Дэд дарга хатагтай Сара Томпсон тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын зочин манлайлагч хөтөлбөр(International Visitor Leadership Program, IVLP)-т хамрагдсан судлаачидттай албан уулзалт хийж, төгсөгчдөд сертификат гардууллаа.
Тус уулзалтын үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ричард Буанган ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлд мэндчилгээ дэвшүүлж, хариу захидал илгээснийг хүлээлгэн өгөв. Тус захидалд Элчин сайд ноён Буанган ШУА-ийн Ерөнхийлөгчийг захидал илгээсэнд талархснаа илэрхийлэхийн сацуу IVLP хөтөлбөрт хамрагдаж амжилттай төгссөн судлаачдад баяр хүргээд, хоёр орны уламжлалт найрсаг хамтын ажиллагааг шинжлэх ухаан, технологийн салбарт батжуулан өргөжүүлэх үйлст хамтран ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулах эхлэл болсон гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад, ирээдүйд хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хөтөлбөрийн төгсөгчдийн оролцоо чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэсэн байна.
Мөн уулзалтын үеэр АНУ-аас олон улсад болон тухайлан Монгол Улсад зориулан зарладаг тэтгэлэгт хөтөлбөр, төслийн сонгон шалгаруулалтын талаар болон цаашид шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны Мэргэжлийн солилцоо ба Төгсөгч хариуцсан зохицуулагч Ноён Б.Цэрэндагва танилцуулж, талууд харилцан санал солилцов. Үүний дараа IVLP хөтөлбөрт хамрагдсан судлаачид АНУ-ын Нийслэл хот болон 3 муж улсын 6 хотоор аялан албан уулзалт, соёлын арга хэмжээнд оролцсон талаараа танилцуулж, хөтөлбөрийн тайланг хэлэлцэв.
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны зүгээс IVLP хөтөлбөрт оролцогчдод баяр хүргээд, салбартаа эхлүүлсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүссэнээр албан уулзалт өндөрлөжээ.