ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн Дундад зууны археологийн судалгааны сектороос санаачлан “Хятаны өв соёл” эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 18-ны өдөр Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд амжилттай зохион байгууллаа.
Хурлын зорилго нь судалгаа шинжилгээний ажлыг далайцтай болгон эрчимжүүлэх, өнгөрсөн түүхээ эргэцүүлэн хамтран ажиллах, зохион байгуулалттайгаар энэ үеийн судалгааг хөгжүүлж олон улсын түвшинд хүргэх, цаашдын чиг хандлагыг тодруулахад оршиж байв.
Монгол нутагт төрт улсаа байгуулж байсан улс гүрнүүдийн дотроос түүх-соёл, хийгээд бичгийн сурвалж, үлдэж хоцорсон өв соёлоороо арвин баялаг нь Хятан улс юм.
1960-д оноос эхэлсэн Хятаны судалгаанд монголын ууган эртний судлаач Х.Пэрлээ голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүний бичсэн “Хятан нар Монголчуудтай холбогдох нь” (1959), “Монгол улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон” (1961) зэрэг томоохон бүтээлүүд нь энэ чиглэлийн анхдагч бүтээлүүд юм. Энэхүү судалгааны үр дүнд Хятан нар байгуулан сууж байсан том, жижиг хот суурин 30 гаруй илрээд буй боловч энэ үеийн түүх, соёлыг бас илтгэх бусад дурсгал болох тэдэнд хамааралтай булш оршуулгын дурсгал гэх тоймтой зүйл илрээгүй байсаар өнөөг хүрсэн юм.
Өнөөгийн байдлаар гадаадын зарим орнуудтай хамтарсан болон дотоодын судлаачидын хийсэн хэд хэдэн дурсгалд хийсэн малтлага судалгааны үр дүнд мөн үеийн археологийн судалгааг шинэ баримт хэрэглэгдэхүүнээр баяжуулан багагүй амжилтанд хүрээд байгаа билээ.
Хуралд ШУА-ийн Археологийн Хүрээлэн, Түүхийн Хүрээлэн, Монголын Үндэсний Музей, МУИС, ШУТИС, СУИС зэрэг түүх-археологийн эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож нийт 16 илтгэл хэлэлцүүлэв.
Үндсэн илтгэлийг ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн Дундад зууны археологийн судалгааны секторын эрхлэгч А.Энхтөр хэлэлцүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын Хятан судлалын хөгжил ямар түвшинд байгааг танилцуулаад цаашид хэрхэн ажиллах, тус судалгааны чиг хандлагын тухайд дүн шинжилгээ хийв.
Үүнээс Хятан улсын шүтлэг, бишрэл, домог зүй зэрэг оюуны соёлын талаас нь доктор Б.Бадма-Оюу, Л.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш, доктор А.Энхбат, Монгол улсаас олдсон Киданы бичгийг анх удаа уншсан талаарх судалгааны талаар Р.Мөнхтулга, Хятан улсын засаг захиргааны хуваарийн талаар Г.Батболд, Хятан улсын үеийн монгол аймгуудын түүхийн талаар Г.Алтансүх, Хятаны хот суурин болоод барилга архитектурын талаар Б.Дашдорж, Ц.Буянхишиг, Монгол нутгаас олдсон хийгээд БНХАУ-ын нутаг дахь Хятаны булш оршуулгын судалгааны талаар Т.Хантөгс, Ч.Баянтал, Хятаны үеийн нум сумны талаар Л.Мөнхөө нар тус тус эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүллээ.
Тус хурал нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлог бөгөөд Хятан улсын археологи, түүх, ёс заншил зэрэг өв соёлыг бүхий л талаас нь шүүн хэлэлцэж, нэгтгэн дүгнэх, эрдэмтэд хоорондоо санал бодлоо солилцох онцгой чухал ач холбогдолтой хурал болсон юм.