ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун ОХУ-ын Дорно дахин судлалын дээд шагнал болох академич И.Ю.Крачковскийн алтан медиалаар шагнагджээ. Тэрбээр ОХУ-ын Санкт Петербург хотод судалгааны ажил хийж явах үедээ шагналаа гардан авсан байна.
Шинжлэх ухааны салбарынхан дундаа нэр хүндтэй тус шагналаар шагнагдсан доктор С.Чулууныг ШУА-ийн удирлагууд 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм.
Түүнийг Оросын Дорно дахин судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Монгол-Оросын харилцааны түүхийг цоо шинэ шатанд гаргасан хэмээн үнэлж шагнасан аж. С.Чулууны оролцоо, дэмжлэг, санаачилгаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран 15 ном бүтээж, 5 экспедиц, 3 олон улсын хурал хийсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд Оросын нийт 80 орчим эрдэмтэнг Монгол улсад болсон эрдэм шинжилгээний хуралд урьж оролцуулжээ.