Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Энтрепренер Судлаач хөтөлбөрт урьж байна
Энтрепренер Судлаач хөтөлбөрт урьж байна

    Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын Хараа 2050”, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030, Монгол улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинжлэх ухааны Академийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний (2018-2025) хүрээнд “Энтрепренер Судлаач” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.

    ШУА нь анх 2018 онд “Энтрепренер Судлаач-21” (ЭС-21) төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд энтрепренер сэтгэлгээ, арга барилд суралцсан 21 судлаач, 13 оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлтгэгдэн, 2 инновацын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж, байгууллага даяар инновацын соёл төлөвшиж эхэлсэн эерэг үр дүн гарсан тул энэхүү төслийн цар хүрээг тэлж  зөвхөн Шинжлэх ухааны Академийн судлаачдаар хязгаарлахгүйгээр үндэсний хэмжээний хөтөлбөр болгон өргөжүүлж байна.  

    Хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын “Оюуны уурхай” болсон эрдэм шинжилгээний ажлын үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино. 

    Хөтөлбөрийг 3 үе шаттайгаар 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд ур чадвар эзэмшүүлэх, технологи хөгжүүлэх, бизнес хөгжүүлэх чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн судлаачдыг энтрепренер арга барилд чадваржуулах, нөгөө талаас хувийн хэвшил, гарааны бизнес энтрепренерүүдэд судалгааны арга барил эзэмшүүлэх 2 талын ач холбогдолтой бөгөөд инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлж байна.  

Хөтөлбөрт оролцохыг хүссэн судлаач энтрепренерүүд дараах холбоосоор бүртгүүлэхийг урьж байна. БҮРТГҮҮЛЭХ

/Хөтөлбөрийн танилцуулга арга хэмжээний зургуудаас/ 

Монголын Үндэсний Телевизийн "Шинжлэх ухааны цаг" нэвтрүүлэгт хөтөлбөрийн тухай ярилцлаа. 


Бусад мэдээлэл