Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ: ШАЛТГААН, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ: ШАЛТГААН, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Отгонтэнгэр Их Сургууль, Идэр дээд сургуулиас санаачлан Шинжлэх ухааны Академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнтэй хамтран энэ сарын 27-ны өдөр “Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хурлыг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Бямбацогт нар нээж үг хэлэв.

ШУА-ийн ФСЭХ-ийн захирал, академич Г.Чулуунбаатар, Идэр Дээд сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Зоригт, Отгонтэнгэр Их сургуулийн багш, доктор (Ph.D), профессор С.Одхүү нар “Ухаалаг, зөв төртэй болох зарим санаа, үндэслэл”, доктор (Ph.D) Б.Хашчулуун “Өнөөгийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлэв. Мөн Харвардын Их сургуулийн профессор, “Хагас даяаршлын онол”-ыг үндэслэгч Панкане Гемабат “Бид хэрхэн даяаршиж байна вэ?” сэдвээр онлайнаар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Тус хурал “Эдийн засаг”, “Улс төр, нийгэм, ёс суртахуун” гэсэн салбар хуралдаанаар явагдаж, эрдэмтдийн дэвшүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болсон юм.

Хуралд ШУА-ийн ФСЭХ, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Глобаль удирдагч Дээд сургууль, Идэр Дээд сургууль, ХААИС, Отгонтэнгэр Их сургууль, Мандах дээд сургууль, Улаанбаатар Их сургуулийн 26 судлаач илтгэл хэлэлцүүлсэн юм.

 “Улс төр, нийгэм, ёс суртахуун” салбар хуралдаанд академич С.Нарангэрэл “Ёс суртахуун-эрх зүйн судалгааны зарим үр дүн”, доктор (Ph.D), профессор Б.Галиндэв “Өнөөгийн Монголын нийгмийн өөрчлөлтийн ёс суртахууны зарим асуудал”, доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү “Монголын нийгмийн ёс суртахууны доройтол: шалтгаан, шийдвэрлэх арга зам”, докторант О.Баасантогтох “Их, дээд сургуулиуд дахь шинэчлэлийн үйл явц, хандлага”, докторант У.Батцэрэн “Улс төрийн имиж бүрдүүлэлт ба цахим улс төр” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байв.

Хурлын үеэр 38 судлаачийн 29 илтгэлийг эмхэтгэн (14 x.x) хэвлүүлж нийтийн хүртээл болгосон байна.


 


 


 



Бусад мэдээлэл