Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Шүүх
шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат нар “Хамтран
ажиллах санамж бичиг”-г байгуулж, цаашид шүүх шинжилгээний салбарт хэрэгжүүлэх
хамтын ажиллагаагаа бататгалаа.
Энэхүү арга хэмжээнд тус академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D), академич Ж.Даваасамбуу, Биологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Гантулга, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) А.Дашцэрэн, Эрдэм шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга, доктор (Ph.D) С.Баяннасан болон бусад төлөөлөгчид оролцож, шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд санамж бичгийн хүрээнд салбарын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг эрдэм шинжилгээ, туршилт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжит гарцыг тодорхойлох, шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан инновац, технологийн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний сэтгүүл хөгжүүлэлт, бүтээл гаргах зэргээр хамтран ажиллахаар боллоо.