“Хойд болон Зүүн Хойд Ази дахь хил дамнасан хамтын
ажиллагаа” сэдэвт онлайн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 18-ний
өдөр болж өндөрлөлөө.
ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дэргэд Хойд болон Зүүн
Хойд Ази дахь хил дамнасан хамтын ажиллагааны асуудлыг судлах зорилгоор байгуулагдаж
буй “Олон улсын судалгааны төв”-ийн
нээлтэд зориулсан тус хуралд ОХУ, Монгол Улс, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос,
Казахстан зэрэг улсын эрдэмтэд оролцжээ.
Энэхүү эрдэм
шинжилгээний бага хуралд:
-
ОХУ-ын ШУА-ийн
дэд ерөнхийлөгч, академич Ю.Ю.Балега;
-
БНХАУ-ын
ШУА-ийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд захирал, профессор Ван Женю;
-
Монгол
Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл;
-
ОХУ-ын Гадаад
болон батлан хамгаалах бодлогын зөвлөлийн хүндэт тэргүүн, түүхийн шинжлэх
ухааны доктор С.А.Караганов;
-
1995-1998
онд БНХАУ-аас ОХУ-д суусан элчин сайд асан, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөгжлийн
төвийн дэргэдэх Европ, Азийн нийгмийн хөгжлийн хүрээлэнгийн хүндэт ерөнхийлөгч,
Ли Фэнлин.
-
ОХУ болон
Шинээр тусгаар тогтносон улс орнуудтай худалдаа эрхлэх Японы нийгэмлэгийн ОХУ
дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Сайто Дайсуке нар оролцож олон улсын эрдэм
шинжилгээний хурлыг санаачлагч, зохион байгуулагч, бүх оролцогч нарт баяр
хүргэж, амжилт хүссэн үг хэлсэн юм.
Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл энэ
үеэр хэлсэн үгэндээ: “Даяаршлын нөхцөлд Орос, Монгол, Хятадын хил дамнасан
хамтын ажиллагааны асуудлыг судлах нь өнөө цагт бидний судалгааны ажлын чухал
чиглэлүүдийн нэг болж байна. ОХУ-ын Транссибирийн
төмөр зам болон Монгол Улсын газар нутгийн төв хэсгээр дайран өнгөрөх Хятадын
"Бүс ба Зам" санаачилгын хойд чиглэл болсон Хятад, Монгол, Оросын
эдийн засгийн коридор нь манай гурван улсын хил дамнасан, улс дамнасан, тив
дамнасан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд стратегийн
чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Энэхүү глобал төслийн хүрээнд ОХУ-ын “Евразийн
эдийн засгийн холбоо”, Монгол Улсын “Хөгжлийн зам”, БНХАУ-ын “Торгоны зам” зэрэг
үндэсний төслүүдийг хооронд нь уялдуулах замаар манай гурван улсын үйлдвэр,
худалдаа, зам тээвэр, эрчим хүчний дэд бүтэц, харилцаа холбооны давуу талуудаа
хамтдаа ашиглаж, сул талуудаа харилцан нөхөхөд чухал хувь нэмэр оруулж, гурван
улсын хооронд эдийн засгийн нэгдсэн орон зайг бий болгож чадна.
Монгол Улсын “Хөгжлийн зам” төсөл нь энэхүү
коридорын анхаарлын төвд байгаа бөгөөд түүгээр дамжин Хятад-Европын чиглэлд ачаа
болон зорчигч тээвэр явсаар байгаа бөгөөд энэ чиглэл нь Зүүн Хойд Азийн бүс
нутгийн улс орнуудын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр
оруулсаар ирсэн.
Миний бодлоор өнөөдөр үүд хаалгаа нээж байгаа Олон улсын
эрдэм шинжилгээний төв нь Хойд болон Зүүн Хойд Ази дахь улс орнуудын шинжлэх
ухааны байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулах, тус бүс нутагт улс
хоорондын бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг
тодорхойлох, улс орнуудын эрдэмтэд оролцсон хамтарсан судалгааны ажлын үр дүнгээр
төр, засгийн бодлогын зөвлөмж боловсруулахад чиглэгдэх ёстой юм” гэлээ.
Түүнчлэн энэхүү олон улсын онлайн хуралд Орос, Хятад,
Монгол, Казахстан, Өмнөд Солонгос, Японы нийт 13 эрдэмтэн судлаачид илтгэл
тавьж хэлэлцүүлсэн байна. Тухайлбал:
-
ОХУ-ын
ШУА-ийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга, академич
В.Н.Пармон “Шинжлэх ухааны хотхон-2 бол ОХУ-ын Дорнод хэсгийн хил дамнасан
хамтын ажиллагаа дахь шинжлэх ухаан, инновацийн гол зангилаа мөн” сэдвээр;
-
Орос,
Зүүн Европ, Төв Азийг судлах Бүх хятадын холбооны ерөнхийлөгч, БНХАУ-ын
Нийгмийн шинжлэх ухааны академийн “Бүс ба зам” судлалын төвийн захирал, түүхийн
ухааны доктор, профессор, Ли Ёнцюань: Бүс ба Зам" стратегийн санаачилгыг
ЕвроАзийн эдийн засгийн холбоотой уялдуулах боломжууд” сэдвээр;
-
Японы
Хоккайдогийн их сургуулийн Славян-Евразийн судалгааны төвийн захирал, профессор
А.Ивашито: “ОХУ-ын Сибирь, Алс Дорнодтой Японы орчин үеийн хамтын ажиллагаа:
боломж ба асуудал” сэдвээр;
-
ОХУ-ын
ШУА-ийн Сибирийн салбарын эдийн засаг, аж үйлдвэрийн зохион байгуулалтын хүрээлэнгийн
захирал, академич, В.А.Крюков “Хил дамнасан хамтын ажиллагааны систем дэх
Сибирь бол ОХУ-ын хөгжлийн зүүн вектор юм: асуудал, бэрхшээл, аюул занал” сэдвээр;
-
Зүүн Хойд
Азийн Тогтвортой хөгжлийн судалгааны төвийн ерөнхий захирал, БНХАУ-ын ШУА-ийн
Газарзүй, байгалийн нөөцийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, профессор Дун
Суочэн: “Евразийн тээврийн шинэ коридорууд нь Хойд ба Зүүн Хойд Азийг холбох
үндэс суурь мөн” сэдвээр;
-
Е.М.Примаковын
нэрэмжит Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны үндэсний хүрээлэнгийн дэд
захирал, Ази, Номхон Далай судлалын төвийн тэргүүн, түүхийн шинжлэх ухааны
доктор, профессор А.В.Ломанов: “БНХАУ-ын хөгжлийн стратеги өөрчлөлт ба бүс
нутгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвээр;
-
БНСУ-ын
Ханкүк их сургуулийн орос судлалын хүрээлэнгийн дэд захирал, профессор, Чой Ву
Ик: “Солонгосын шинжлэх ухааны үйл ажиллагаа дахь орос судлалын тулгамдсан
асуудлууд ба ОХУ-ын нийгэм, хүмүүнлэгийн судалгаа, Арктикийн бүс нутгийн
судалгааны хэтийн төлөв” сэдвээр;
-
ОХУ-ын
ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын байгалийн нөөцийн менежментийн
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч, академич, А.КТулохонов:
Тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах нь Хойд ба Зүүн-Хойд Азийн хил
дамнасан хамтын ажиллагааны гол чиглэл мөн” сэдвээр;
-
Монгол
Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн бүс нутаг, олон улсын
байгууллага судлалын салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор,
профессор А.Даваасүрэн: “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор: асуудал ба
хэтийн төлөв” сэдвээр;
-
БНХАУ-ын
Хэйлунцзян хотын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ян Сючэн:
“Хятад, Оросын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа: туршлага ба ирээдүй”
сэдвээр;
-
Казахстан
Улсын Эдийн засгийн хавсрага судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч,
профессор, Ж.А.Кулекеев: “Казахстан, Оросын эдийн засаг, шинжлэх ухаан,
технологийн хамтын ажиллагааны асуудлын тухай” сэдвээр;
-
ОХУ-ын
ШУА-ийн салбарын Нүүрс ба нүүрс, химийн холбооны судалгааны төвийн эрдэм
шинжилгээний ажлын удирдагч, академич, З.Р.Исмагилов, БНХАУ-ын Чанчунь хотын Хятад-Оросын
технопаркийн ерөнхий захирал Ли Ёнпин: “Байгаль орчныг хамгаалах шинэ материал,
технологийн талаархи Орос-Хятадын төсөл бол шинжлэх ухааны ололт, технологи
дамжуулах, арилжаалах олон улсын төслийн үлгэр жишээ загвар мөн” сэдвээр тус
тус илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Энэхүү хурлын илтгэлүүдийг нэгтгэж ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын эдийн засаг, аж үйлдвэрийн зохион байгуулалтын хүрээлэнгийн дэргэдэх “Бүс”: эдийн засаг ба нийгэм сэтгүүлд хэвлүүлэхээр болжээ.