ШУА-иас тогтмол зохион байгуулдаг
“Эрдэмтдийн үг” цурвал лекцийн энэ удаагийн зочноор Монголбанкны ерөнхий эдийн
засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Ган-Очир оролцлоо. Тэрээр "Монголын хөгжлийн загвар: Өөрийн сургамж, бусдаас суралцахуй" сэдвийн
хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлтийн хэрэгцээ, шаардлага, түүнд хүрэх
бодлогын жорыг өөрийн орны сургамж, бусдын сайн туршлага дээр суурилан гаргах, Монголын
хөгжлийн шинэ хэв загварт анхаарах асуудлууд,тэр дотроо эдийн засгийн
төрөлжилтөд хүрэх арга замыг эрэлхийлж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, худалдаа,
аж үйлдвэрийн бодлогын үүрэг, ач холбогдол, эдгээрийг Монголд нутагшуулахад
анхаарах асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар сонирхолтой лекц уншлаа.
Дээрх сэдвийн
хүрээнд шинжлэх ухааны доктор (ScD) Д.Ган-Очиртой товч ярилцлаа.
- “Эрдэмтдийн үг” лекц бол
нийгмийг соён гэгээрүүлэх, иргэдэд
шинэ мэдлэг, мэдээлэл түгээх
зорилготой хийгддэг. Та энэ удаагийн лекцээрээ
Монгол улсын эдийн засгийн
тогтвортой өсөлтийн хэрэгцээ, шаардлага, түүнд хүрэх бодлогын жорыг танилцуулж байгаагаараа шинэлэг боллоо. Энэ
жорыг товчхон тайлбарлавал?
-Бид зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил
боллоо. Энэ хугацаанд бидний эдийн
засгийн өсөлтөө хангаж байсан, иргэдийн
амьжиргааг авч явсан хөгжлийн бодлого оносон уу, алдсан уу гэдгийг дэнслэн
дүгнэсэн. Товчхондоо өнгөрсөн алдаанаасаа сургамж авч түүн дээрээ дөрөөлөөд бид юу хийх ёсгүй, юуг хийх ёстой вэ гэдгээ
гаргаж ирсэн. Бидний явж ирсэн хөгжлийн замнал,
загвар хангалттай байв уу, гэвэл бас үгүй байна. Тэгвэл бид одоогийн байгаа
хөрсөн дээрээ хаашаа, яаж алхах вэ. Бидэнд байгалийн баялаг байна. Чадавхтай,
оюунлаг залуучууд байна. Байгалийн баялаг дээрээ үндэслээд энэ залуучуудыгаа яаж илүү мэдлэгтэй, чадвартай, дэлхийн
технологийг ашигладаг, шинэ инновацыг бий болгодог, дэлхийтэй өрсөлдөж чаддаг ийм хүний нөөцийн
чадавхыг бий болгож, дараагийн хөгжлийн шинэ шатанд гаргах вэ. Энэхүү процессын дунд хүмүүс гаднынхантай харьцаад
хөрөнгө оруулалт татаад ирлээ гэхэд тэр нь хамгаалагддаг байх ёстой. Дотооддоо улс
төрийн болоод эдийн засгийн эрсдэл бага
байх ёстой. Үүний тулд засаглал инстуцийн чадавх маань бэхжих ёстой. Засаглал
инстуци гэхээр хол сонсогдож байгаа.
Гэхдээ үүний ойрын жишээ нь юу юм гэхээр
хүн хөрөнгө оруулалт авчраад бизнес хийе гэхэд тэнд хүнд суртал бага байх ёстой. Бизнес эрхлэхтэй
холбоотой үүсдэг эрсдэл бага байх ёстой. Дахиад хэлэхэд бүх хөрөнгө оруулалт бизнесийн эрхүүд
хамгаалагддаг байх ёстой. Нэг ёсондоо хууль бол хууль байх ёстой. Тэнд ямар нэгэн авлигал, хүнд
суртал, шүүхийн тогтолцоо гэдэг гажуудал үүсдэггүй байх ёстой. Мөн эрх мэдлийн
хуваарилалт нь хяналттай байх ёстой. Энэ
тогтолцоог л бүрдүүлж чадах юм бол бид хүнээ хөгжүүлнэ, инстуциэ хөгжүүлнэ. Энэ
л манай хөгжлийн дараагийн гарц бололцоо гэж харж байна.
-Аж үйлдвэрийн нэгдсэн
бодлого алдагдсан нь улсын хөгжлийг хойш татаж байна. Тиймээс Аж үйлдвэрийн яам
байгуулах хэрэгтэй гэж лекцэндээ онцолсон. Яам байгуулахаар л бодлого сайжирчих
уу?
-Манай улс худалдаа аж үйлдвэржилтийн бодлогыг эн
тэргүүнд тавих ёстой. Энэ бодлогыг
дорвитой хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж уул уурхайгаас хэт хамаарсан экспортын
бүтэц, эдийн засгийн бүтэц маань илүү төрөлжсөн эдийн засаг, илүү нэмүү өртөг
шингээсэн экспортын болж байж илүү өндөр орлогыг бий болгож байгаа. Ингэж байж
бид дундаж орлогын хавханд орох эрсдэлээсээ гарна. Ер нь бусад
орнууд эдийн засгийн төрөлжилтийг, аж үйлдвэржилтийг яаж хийсэн юм бэ. Хамгийн
сайн жишээ нь гэвэл зүүн өмнөд Азийн орнууд, Солонгос, Япон, Тайвань гэх мэт. Энэ улс орнуудын хөгжлийн
ард дандаа л дээрх шиг бодлого зангидагддаг.
Төрийн санах ой тэнд байгаа. Улс төрийн тогтворгүй байдлаас үл хамаараад энэ
гол зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд тууштай явж байгаа. Түүнээс аж үйлдвэржих
процесс бол хамгийн багадаа 20 жилийн
ажил. Ингэж тууштай бодлогын үр дүнд л бодит үр дүн гарна. Тэгэхгүй 4, 4 жилээр нэг
төсөл юм уу, нэг арга хэмжээ яваад хэлбэлзээд байвал үр дүнд хүрэхгүй. Ийм
төрийн инстуци, санах ойг бий болгохын тулд нэг арга зүй нь магадгүй тэрийг хариуцдаг төрийн
нэгж, агентлаг, яам байх ёстой. Бусад улс орнууд бүгд Худалдаа аж үйлдвэрийн яамтай байдаг. Тэр яам нь энэ бодлогынхоо зангилааг хангаж
байдаг. Яагаад яам гээд төрийн том түвшинд авч үзээд байна гэхээр өнөөдөр
малчны хотонд байгаа түүхий эдийг эхлээд тээвэр ложистикийн түвшинд авчрах
ёстой. Авчраад боловсруулах ёстой. Боловсруулалтын бизнес хийж байгаа хүмүүст
нь татварын, санхүүгийн дэмжлэгүүд байх ёстой. Хил гааль дээр очингуут шат
дамжлаг нь богино, хүнд суртал багатай байх ёстой. Хилийн цаана гарсны дараа
гадаад чөлөөт худалдааны гэрээ гэдэг юм уу,
бусад худалдааны тарифын хөнгөлөлтийг эдлэх ёстой. Тэгж байж хилийн
цаана байгаа дэлгүүрт очиж эцсийн хэрэглэгчдэд борлуулагдах ёстой. Ингэж валютын орлого орж ирэх ёстой. Энэ бол маш урт
нийлүүлэлтийн сүлжээний шат дамжлагаар явдаг процесс. Монголд өнөөдөр тус
тусдаа тээвэр хариуцсан яам, ложистик хариуцсан, ХАА, хүнд үйлдвэрлэл хариуцсан гээд өөр өөр салбар өөр өөр яамтай. Магадгүй
гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого нь хаягдчихсан. Гэтэл энэ бүх зүйл
яамдуудын ажлын уялдааг хангадаг. Эхлэлийн
цэгээс төгсгөлийн цэг хүртэл хаана нь гацаа саад байна. Энэ салбар болгонд ямар
боловсон хүчний бодлого байна. Аль дээр
нь байгаа санхүүгийн дэмжлэгийг хатгаад өгчихвөл энэ бүх гацаануудыг шийдчихээр
байна вэ гэдгийг ингэж дээрээс нь харж
байдаг нэгдсэн бодлогын тогтолцоо, нэгдсэн хяналтын систем байх ёстой. Аль нэг
дээр нь энэ систем доторх элемент нь гацах юм бол систем бүхэлдээ ажиллагаагүй болчих гээд
байгаа болохоор олон улсын туршлага бидэнд хэрэгтэй байна. Монголын өнөөгийн бодит
байдал ч гэсэн 17 яам, 17 вант улс гэдэг үг хүртэл гарчихаад байна. Тэгэхээр
энэ бүхнийг бодлогын түвшинд зангидах шаардлага нь зүй ёсоор тавигдаж байгаа
юм.
-Эдийн засгийн популизмын
талаар та бас нэлээд анхааруулж ярилаа. Үүнтэй манай хэрхэн тэмцэх вэ?
-Энэ бол зөвхөн монголын ч асуудал биш. Олон улсад популизмын үр дагаврыг тайлбарлах, үүнээс хамгаалахын тулд юу хийх вэ гээд дэлхий даяар л юм болж байна. Монголын хувьд бүр живчихлээ гэж би хэлээгүй. Гэхдээ живэх эрсдэл нь маш өндөр байна. Хөгжингүй орнуудад яаж байна гэхээр тэнд засаглал, инстуци нь сайн, эрх зүйн хамгаалалт, хуулийн хамгаалалт нь сайн. Тэр нь өөрөө богино хугацаанд өөрчлөгдөөд байдаггүй. Энэ тогтвортой байгаа хамгаалалт нь эдийн засгийн сөрөг үр дагавар нь бага байх бололцоо байна гэдгийг судлаачид онцлоод байгаа юм. Харин хөгжиж байгаа монгол шиг орнууд миний сая хэлдэг хамгаалалтууд сул байх тохиолдолд эдийн засгийн сөрөг үр дагавар нь илүү том байх эрсдэл байна. Тэгэхээр шийдэл нь тодорхой, үндсэн хуулийн хамгаалалтууд байх ёстой. Эрх зүйн хамгаалалтууд байх ёстой. Эрх мэдлийн хуваарилалтын асуудлууд байх ёстой. Тэр нь хяналтын системүүд байх ёстой. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн зарцуулалтын асуудлууд, төсвийн дүрмүүд төсвийн сахилга батыг мөрдүүлэх арга хэмжээнүүд ард түмний өмнө нээлттэй байх ёстой. Дотоодын тинк танк судалгааны байгууллагууд хөндлөнгөөс зөвлөдөг, хянадаг, ил тод олон нийтэд энэ нь зөв байна, тэр нь буруу байна гэж тайлагнадаг энэ механизмыг олох ёстой. Энэ хяналтын механизмууд сайжирч байж, төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийн төсвийн зарцуулалт, төсөвтэй адилтгах, төсвийн шинжтэй арга хэмжээнүүд хянагдах ёстой. Яахав энэ дунд улс төржилт байж болно. Гэхдээ эдийн засгийн сөрөг үр дагавартай байж болохгүй. -Та “Манай улсад бүх шатандаа санхүүгийн сахилга бат байхгүй байна” гэлээ. Хувь хүн хэрхэн санхүүгийн сахилга баттай байх талаар зөвлөгөө өгөөч?
-Өрхийн түвшинд ч, аж ахуй нэгжийн түвшинд ч, улсын
түвшинд ч өрийн харьцааг орлоготой нь харьцуулахад сүүлийн жилүүдэд өсөж эхэлсэн. Харьцангуй
өндөр түвшинд хүрчхээд байгаа. Энэ нь санхүүгийн сахилга батыг яалт ч үгүй
сайжруулах шаардлага тавигдаж байна. Өрхийн түвшинд гэж ярихад, хамгийн гол асуудал нь яаж орлогоо тогтвортой
байлгах вэ. Магадгүй өнөөдрийн өндөр орлоготой ажлаас илүү тогтвортой ажлыг сонгох.
Өнөөдөр тэвчиж болох зардлыг тэвчээд өр зээлийг бага байлгах нь илүү чухал. Яагаад
гэвэл манайхны зээлийн хүү бага байгаа
дээр нь эсвэл зээл олдож л байвал авъя
гэдэг хандлага нь өөртөө илүү өрийн дарамт нэмдэг. Магадгүй энэ нь зээлийн
хүү буцаад өсөх үед санхүүгийн хувьд илүү том ачаа болж ирдэг ийм асуудал байна.
Өртэй, санхүүгийн хувьд ачаалал авчихсан тохиолдолд дараагийн шинэ зүйлийг
сэдэх, шинэ боломжуудыг гаргаж ирэх нь хязгаарлагдмал болдог. Тэгэхээр аль
болох өөрийнхөө эрэлт хэрэгцээнд таарсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг
ямар хугацаатай, ямар хүүтэй юунд зориулагдах вэ гэдгээ сайн тооцож байж авах нь
дараа дараагийн эрсдэлүүдэд орохоос хамгаална. Шинэ нөхцөл, шинэ боломж гарч
ирэх үед ийм санхүүгийн хязгаарлалтаас болоод тэр боломжийг алдах нь өөрөө харамсалтай.
Тэгэхээр өрхийн түвшинд санхүүгийн боловсролоо дээшлүүлэх, өөртөө тохирсон
бүтээгдэхүүн үйлчилгээг авч ашиглах нь хамгийн чухал.