Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА 2019 ОНЫ ОНЦЛОХ АЖЛАА ЗАРЛАЖ БАЙНА
ШУА 2019 ОНЫ ОНЦЛОХ  АЖЛАА ЗАРЛАЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ-2019

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

 

1. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг “Хандлагаа өөрчилье” уриан дор 2019 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, нэгдсэн хуралдаанд төв, орон нутгийн 800 орчим төлөөлөгч оролцлоо. Их хурлын салбар хуралдааныг “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”; “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц”; “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт”; “Шинжлэх ухаан, технологи ба түншлэл” сэдвүүдээр зохион байгуулж, шинжлэх ухаан, технологийн салбарын бүтээлийн үзэсгэлэнг академич Б.Ширэндэвийн нэрэмжит болон Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх эхний томоохон түлхэц болсон “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 379 тоот тогтоол гарлаа. 




2. Улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, ШУА-ийн  эрх зүйн байдлын тухай хуулиудад  нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд  УИХ-д өргөн баригдаж, хэлэлцүүлгийн шатандаа явж байна.

3. Олон жил хүлээгдэж байсан Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын хөрөнгө оруулалтын эхний хэсэг 2020 оны улсын төсөвт тусгагдлаа. Шинжлэх ухааны Академийн өргөтгөлийн барилгын ажлыг энэ онд эхлүүлсэн нь Шинжлэх ухааны салбарын хэмжээнд томоохон хөрөнгө оруулалт болж байна.

4.  ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн “Mongolian Journal of chemistry” сэтгүүл олон улсын өндөр зэрэглэлийн мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүллүүдийн хураангуй болон эшлэлийн өгөгдөл бүхий Скопуст бүртгэгдсэн Монголын анхны сэтгүүл болж, Монгол  эрдэмтдийн бүтээлийг дэлхийд түгээх томоохон гарцыг бий болголоо.

5. Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн болон палеонтологийн экспедицийн 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хагас зуун жилийн хамтын ажиллагааныхаа үр дүнг нэгтгэн дүгнэх, олон улсын ач холбогдол бүхий шинжлэх ухааны цогц мэдээллийн эх сурвалжийг бий болгох, цаашдын үйл ажиллагааны бодлого, зорилтыг тодорхойлох зэрэг өргөн цар хүрээтэй асуудлыг хэлэлцэв. Мөн ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдээс олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан хурал, үзэсгэлэн 20 гаруйг зохион байгууллаа. Тухайлбал, “Азийн үлэг гүрвэлийн олон улсын IV дүгээр их хурал,  “Халх голын ялалтын 80 жил”-ийн ойн олон улсын эрдэм шинжилгээний хурал, ЗТХЯ, НЗДТГ, ХБНГУ-ын Олденбургийн их сургууль, ХБНГУ-ын Сансар судлалын төвтэй хамтран “Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” олон улсын хурал, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын  мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Богд хаан 150: Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэргийг дурьдаж болно. 



6. ХVII зууны Монгол Улсын түүхэн дэх Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтний нэг “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазарын уран бүтээлийн ордон Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” цогц үзэсгэлэнг ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн  санаачилан зохион байгуулав. Зургаан жилийн хугацаанд явуулсан Сарьдагийн хийдийн хээрийн малтлага судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол Цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсгүүд, шавар сац, сүншигийн эд зүйлс зэрэг арвин их олдвор илэрсэн байна. Тэдгээрийг тоолж бүртгэн, сэргээн засварлаж, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн сан хөмрөгт шилжүүллээ. Мөн “Сарьдагийн хийд: Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн хүрээ” ном, үзэсгэлэнгийн каталогийг хэвлэн нийтийн хүртээл болгожээ.    


7. Академич Т.Ган-Эрдэнэ БНХАУ-ын Засгийн газрын дээд шагнал Найрамдал шагнал, академич Ч.Дугаржав Оросын ШУА-ийн гадаад гишүүн, академич Д.Рэгдэл Олон Улсын ШУА-иудын холбооны жинхэнэ гишүүн, академич Ц.Лхагвасүрэн ОХУ-ын Эрхүүгийн улсын Анагаах ухааны их сургуулийн “Хүндэт профессор” цол тус тус хүртсэн нь манай эрдэмтдийн үнэлэмж олон улсад өндөр байгааг илтгэсэн сайхан үйл явдал боллоо. Мөн Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ХБНГУ-ын иргэн, монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одон, Монголын байгаль орчин болон цөлжилтийг бууруулах судалгаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Японы Кюшюүгийн их сургуулийн профессор Ясуфүкү Нориюкид ШУА-ийн “Хүндэт доктор” цолыг тус тус олголоо. 

Түүнчлэн Б.Даш-Ёндон философийн шинжлэх ухааны, Д.Баттогтох, Х.Баянмөнх нар боловсрол судлалын шинжлэх ухааны, Б.Нинж, О.Мөнхжаргал, Ё.Доржбат нар хөдөө аж ахуйн шинжлэх ухааны, Б.Пүрэвтогтох техник, технологийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус амжилттай хамгааллаа.

8. Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич А.М. Сергеев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, хамтын ажиллагааны шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурав. Хэлэлцээрийн зорилго нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаа болон харилцан сонирхсон салбарын судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх  явдал юм. ШУА-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Японы Тохокугийн их сургууль, Японы Хүмүүнлэгийн ухааны үндэсний хүрээлэн, БНСУ-ын Инчоны үндэсний их сургууль, Сунгкиункваны их сургууль, Киргизийн ШУА, Польшийн ШУА, ОХУ-ын ШУА, ОХУ-ын Уралийн их сургууль, БНХАУ-ын Газар хөдлөлтийн удирдлагын газар, ХБНГУ-ын Боннын их сургууль, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн зэрэг 10 гаруй байгууллагатай хамтран ажиллах гэрээ, санамж бичгийг шинээр болон шинэчлэн байгууллаа.




9. Салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх,  хамтарсан судалгааны төсөл боловсруулах, судалгааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилтын хүрээнд уламжлалт “Эрдэм-Science” хакатон тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнийг энэ жил “Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор явуулж, эрдэм шинжилгээний байгуулага,  их, дээд сургууль, аж ахуйн нэгж, ЕБС-ийн төлөөллүүд нийт 11 баг бүрдүүлэн  оролцов. Тэргүүлсэн 3 төсөлд хууль эрхзүй, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, уулзалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна.  ШУА-ийн ЕБСБХ-ийн дэргэд микро организм, бичил биет ашигласан бүтээгдхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлийн “Био-Увидас”,  ХХТХ-ийн дэргэд уурагт бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Био бүтээгдэхүүн” зэрэг  гарааны хоёр компани шинэ байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

10. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд Монгол, Хятадын хамтарсан Эрдэс түүхий эдийг боловсруулах лаборатори  байгуулав. Хамтарсан лабораторид алт, мөнгө, зэс, газрын ховор элемент, нүүрс зэрэг эрдэс түүхий эд баяжуулах, боловсруулах судалгааг цогцоор нь явуулах, гадаадад өндөр зардлаар хийлгэдэг технологийн туршилтыг хоёр орны мэргэжилтнүүд Монголд хамтран гүйцэтгэх боломж бүрдэж байна.

11. Ази тивийн үлэг гүрвэлийн судалгааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Монголд анх удаагаа  Азийн динозаврын олон улсын 4 дүгээр хурлыг зохион байгуулж, 11 орны 80 орчим эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнг хэлэлцсэн олон улсын үлэг гүрвэл судлаач эрдэмтдийн судалгааны дүнг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой хурал болсон байна. Манай палеонтологчдын судалгааны дүнд одоогоос 70 орчим сая жилийн өмнө өнөөгийн Монгол орны говийн нутагт амьдарч байсан махан идэшт үлэг үрвэлийн шинэ төрөл, зүйл (Gobiraptor minutus)-ийг шинжлэх ухаанд шинээр тэмдэглэв.

12. Өмнөговь аймгийн Хотгорын газрын ховор элемент (ГХЭ)-ийн үндсэн ордын хүнд баяжигдах хүдрийг нойтон соронзон болон хөвүүлэх аргаар баяжуулах, баяжмалыг химийн аргаар боловсруулах технологийг боловсруулснаар 10.2%-ийн агуулгатай баяжмал, 76.4%-ийн агуулгатай газрын ховор элементийн нийлбэр оксидыг гарган авлаа. Газрын ховор элементийн нийлбэр оксид нь орчин үеийн техник, технологиийн салбарт цахим хэрэгсэлүүдийн үнэт  түүхий эд  бөгөөд түүнийг эх орондоо гарган авсан нь гадаад зах зээлийн хэрэгцээг хангах, импортыг орлох стратегийн чухал ач холбогдолтой юм.

13. Монгол орны ус хангамжийн нөөц, хомсдол, ундны усны чанарын асуудлаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран Орхон, Дархан-Уул зэрэг аймгийн суурин газруудын ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох төслийг гүйцэтгэн, үр дүнг орон нутагт хүлээлгэн өгөөд байна. Мөн түүнчлэн Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дээрх судалгааг эхлүүлээд байна.

14. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулж  "ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-1939"  баримт-гэрэл зургийн цомгийг олон нийтийн хүртээл болгов. Энэхүү бүтээлд Халх голын дайны өмнөх үеийн БНМАУ-ын дотоод, гадаад байдал, дайны шалтгаан, байлдааны ажиллагаа, үр дүн, Монгол, Зөвлөлтийн дайчдын хамтын ялалт, баатарлаг үйлсийг мөнхжүүлж ирсэн уламжлал зэргийг 6 бүлэгт багтаан, архивын баримт, газрын зураг, эд өлгийн зүйлсийн гэрэл зураг, Халхын голд явуулсан хээрийн судалгааны материал, хувь цуглуулагчдын  цуглуулга, гэрэл зургууд зэрэг 950 гаруй эх хэрэглэгдэхүүнээр тайлбарлан харуулж, монгол, орос, англи хэл дээр хэвлэн гаргав.

15. ШУА-иас олон нийтийг соён гэгээрүүлэх, эрдэмтдийн бүтээлийг сурталчлах зорилгоор “Эрдэмтдийн үг” цуврал лекц, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал товхимол хэвлүүлэх зэрэг олон ажил хийсэн байна. Нийслэлийн боловсролын газартай хамтран хэрэгжүүлдэг уламжлалт “Эрдмийн аян” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 60, 124, 38 дугаар дунд сургуулийн 130 гаруй сурагчийг “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Од эрхсийн ордон”-оор аялуулав.

 

 

 

 

 


Бусад мэдээлэл