Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсаас анх удаа анагаах ухааны эртний номыг ЮНЕСКО-ийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүлэв
Монгол Улсаас анх удаа анагаах ухааны эртний номыг  ЮНЕСКО-ийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүлэв

   2025 оны 4 дүгээр сарын 2-17-нд Францын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулганаар Монгол Улсаас өргөн мэдүүлсэн “Хүйс толгойн бичиг”, “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” 6 дэвтэр номыг ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэв. Ялангуяа “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” ном нь Дэлхийн дурсамж хөтөлбөрийн жагсаалтад Монгол Улсаас анх удаагаа бүртгүүлж байгаа анагаах ухааны эртний сурвалж бичиг юм. Энэ бүтээлийн судалгааг ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Шаравын Болд тэргүүлэн, “Ач” АУИС-ийн багш, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Бодийн Дагданбазар, “Ач” АУИС-ийн багш, анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Баттогтохын Гэрэлмаа, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш, анагаах ухааны доктор, профессор Дашжамцын Шагдарсүрэн нар хийж гүйцэтгэжээ.
2011 оноос хойш нийтдээ 6 өв бүртгэгдээд байна. Үүнд:
1. Лу Алтан Товч (2011 он)
2. Монгол Шунхан Данжуур (2011 он)
3. Есөн эрдэнийн Ганжуур (2013 он)
4. Данжуурын гэрэлт хөшөө (2017 он)
5. Хүйс толгойн бичиг (2025 он)
6. Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг (2025 он)
   Дэлхийн дурсамж хөтөлбөрт эдгээр бүтээлүүд бүртгэгдсэнээр олон улсын, бүсийн, үндэсний хэмжээний үнэт баримтат өв болохын зэрэгцээ хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд ойлгуулах, соён гэгээрүүлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх, холбогдох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үнэт өвүүдээр дамжуулан тухайн орны бичгийн өв соёл, бүтээлийн агуулга, ач холбогдлыг дэлхийд сурталчлан таниулах өргөн боломж нээгдэж байна.
   Монголын Анагаах Ухааны Академи, “Ач” АУИС, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш, эрдэмтэд энэхүү бүтээлийг 1990-ээд оны дунд үеэс эхлэн судалж, энэ чиглэлээр 2 судлаач анагаахын шинжлэх ухааны докторын, 1 судлаач анагаах ухааны докторын, 5 судлаач анагаах ухааны магистрын зэрэг хамгаалж, 6 ном, 15 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлснээс 1 ном, 5 өгүүлэл нь англи хэлээр хэвлэн нийтэлжээ.
   “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” 6 дэвтэр бүтээлийг судалсан эдгээр эрдэмтдийн бүтээлээр дамжуулан монголчууд эртнээс хүний биеийн бүтцийн талаар өргөн мэдлэгтэй, өвөрмөц нэршилтэй байсны сацуу нөгөө талаар уг суурь мэдлэгээ Европын анагаах ухааны эрдэмтдийн бүтээл, нээлтээр баяжуулан, хүний биеийн бүтэц зүй ухаан, эмчилгээ, заслын олон аргуудыг хөгжүүлж ирсэн талаар өргөн мэдээлэл авах онол, практикийн чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” сурвалжийг түүхэн талаас нь авч үзвэл, Европын анагаах ухааны сурах бичиг, Өрнө, Дорнын анагаах ухааны эрдэмтэн мэргэдийн эмчилгээний туршлагыг нэгтгэн бичсэний зэрэгцээ Өрнийн анагаах ухаан, Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх, практикт хэрэглэх хандлага 18 дугаар зуунаас эхэлснийг гэрчилж болж байгаа юм.

                                    “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” номын нэгэн хуудас

   Цаашид энэ бүтээлийг их эмч бэлтгэдэг сургуульд сурах бичиг болгох, эмийн, эмчилгээний аргуудыг нь судалж шинэ эм, эмчилгээний шинэ технологи боловсруулах боломжтой болж байна.
   Түүх бол өнгөрсөн үед болсон гайхамшигтай үйл явдлыг үнэн бодит баримтад тулгуурлан тэмдэглэж хойч үедээ үлдээж байгаа шастир юм. Нөгөө талаар алдаа, оноог дэнсэлж, алдаа бага гаргахыг ухааруулсан сургамж байдаг. Бид ийм нэгэн сургамжтай бөгөөд сонирхолтой анагаахын түүхийн баримтыг нэхэн судалж, ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүлж чадлаа. Хэрвээ энэ бүтээлийг 18 дугаар зуунд Монголд Эмчийн сургуулийн сурах бичиг болгосон бол “Монголын анагаах ухаанд хувьсгал хийх байсан” юм. Харамсалтай нь 6 дэвтэрт буулган, босго давуулж болохгүй “нууц ном” болгон ганцхан хувийг хойч үедээ үлдээсэн байна.
   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн мөрийн хөтөлбөртөө: Монголын соёлын өвийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх бодлого хэрэгжүүлж, “Нүүдэллэх монгол зан үйл”, “Говийн хадны зургийн цогцолбор”, “Хүннүгийн язгууртны булш”, “Өндөр гэгээн Занабазарын хийц”, “Уламжлалт анагаах ухаан” зэрэг өв соёлоо ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ хэмээн заасан байдаг. Уламжлалт анагаах ухааны өвөө бүртгүүлэх ажил “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” 6 боть номыг бүртгүүлснээр эхэлж байна. Булган сүүлтэй байх болтугай. “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” судалгааг дэмжиж, ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтын “Nomination form”-ийг бичихэд гүн туслалцаа үзүүлсэн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, бодлогоор хөхиүлэн дэмжсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сангийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

                                                         Монголын Анагаах ухааны Академи


Бусад мэдээлэл
Эмгэнэл
29 өдрийн өмнө
Эмгэнэл
сарын өмнө
МЭНДЧИЛГЭЭ
1 сарын өмнө