“Хөрс-Хүнс-Хүн тойрсон асуудал, шийдэл” хэлэлцүүлэг ШУА-ийн байранд болж байна. “Алсын хараа-2050” бодлогын 2.5 дахь зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ШУА-ийн Хими, биологи болон Геологи, газарзүй, байгаль орчны салбарын бага чуулган, Монголын анагаах ухааны академи, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Уг
хэлэлцүүлгээр хөрсний доройтол, түүнийг нөхөн сэргээх дэвшилтэт арга, хүнсний
голлох таримал ургамлын ашигтай шинжийг орчин үеийн дэвшилтэт технологи, техник
хэрэглэн сайжруулах боломж, хүнсний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлыг
шийдвэрлэж болох гарц, гаргалгаа, пестицидийн хэрэглээ, хяналт, нийгэмд
чиглэсэн зөвлөгөө, хүнсний зохистой хэрэглээг тойрсон асуудлаар эрдэмтэн
судлаачид хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийг нээж ШУА-ийн
Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид хэлсэн үгэндээ “Хүн амын эрүүл мэнд нь хүнс болон
хүрээлэн буй орчноос бүрэн хамааралтай тул эдгээр гурван асуудлыг цогцоор нь
авч үзэх зайлшгүй шаардлагатай. Хүнсний хангамжийн 40 ба түүнээс дээш хувь нь импортоос хамааралтай болсон
тохиолдолд “Хүнсний бие даасан байдал” алдагдсан гэж үздэг ба манай орны хувьд
энэ үзүүлэлт аль хэдийн дээрх босгын давжээ.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөрс хамгаалах,
газрын доройтлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх”, “бэлчээрийн ашиглалт,
хамгаалалтыг сайжруулах, төлөв байдлыг тогтоох, хянах, сэргээн сайжруулах”, мөн
“газрын үржил шимийг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх”
зэрэг зорилтууд тусгагдсан байдаг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд манай
судлаачдын оролцоо чухал бөгөөд бохирдсон, үржил шим буурсан хөрсний чанарыг сайжруулахад биологийн аргыг
давуутай хэрэглэх нь эргээд экологи, байгаль орчин, хүний эрүүл мэндэд чухал
холбогдолтой.
Нөгөөтээгүүр, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй цаг уурын байдалд дасан
зохицож ургаж чадах хүнсний таримал ургамлын сортыг богино хугацаанд хөгжүүлснээр
өнөөгийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах юм. Үүний тулд абиотик болон биотик
хүчин зүйл буюу халуун, хүйтэн, ган, аливаа өвчинд тэсвэртэй зэрэг хөдөө аж
ахуйн ашигтай шинжүүдийг сайжруулсан голлох таримал ургамлын сортуудыг хөгжүүлж
чадвал ургацын алдагдлыг бууруулах, тохиромжгүй нөхцөлд ч ургамлыг тариалах,
ургац авах боломж бүрдэнэ. Уламжлалт арга техникүүд тодорхой давуу талтай ч
тулгараад буй хүнсний хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай буюу
цаг хугацаа их шаарддаг тул үүнийг харгалзан дэвшилтэт технологийн хэрэглээг
өргөжүүлэх, нэвтрүүлэх шаардлага гарцаагүй тулгараад байна” хэмээн онцоллоо.
Органик хүнсний асуудал, генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн, ухаалаг хөдөө
аж ахуй, хүнсний хаягдал, таргалалт зэрэг ярих сэдэв их байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр
дээрх агуулгын хүрээнд илтгэлүүд хэлэлцэгдэх ба хэлэлцүүлгээс гарах санал
зөвлөмжийг зохих дээд байгууллагуудад хүргүүлж ажиллах юм. Ингэснээр төр
засгийн бодлогод нөлөөлөх, судалгаанд суурилсан үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, үр
дүнг илүү сайжруулахад шаардагдаж буй зүйлсийг шийдүүлэхэд дөхөм болно гэж үзэж
байна.