Залуу судлаачдын “Эрдэм хакатон 2021” тэмцээний шилдэг төслүүд шалгарлаа.
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой инновацийн төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилгоор “Эрдэм хакатон 2021” тэмцээн 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн “Эрдэм хакатон 2021” тэмцээн Инновацийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд цахимаар зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Тэмцээнд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 21 багийн 120 орчим хүн бүртгүүлснээс I шатны шалгаруулалтад 14 багийн 86 хүн тэнцэж, сургалт арга хэмжээг үргэлжлүүллээ.
Шалгарсан багууд 5 өдрийн турш салбар салбарын чадварлаг ментор, сургагч багш нараас сургалт, зөвлөгөө авч бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, энтрепренёр арга барилд суралцах, багаар хамтран ажиллах, хөрөнгө оруулагчид төслөө танилцуулах, бизнес найраа хийх туршлагад суралцлаа. Сургалтыг мэдээллийн технологи, био технологи, бизнес эрхлэгч зэрэг салбартаа манлайлж буй 4 сургагч багш, 12 зөвлөх/ментор, 5 шүүгч ажиллаж инновацийн шилдэг төслүүдийг шалгарууллаа.
Тэмцээний ялагчдыг хөрөнгө оруулалтаар дэмжихээр Тэргүүн байр 2 тус бүр 15 сая төгрөг, Дэд байр 10 сая төгрөг, Тусгай байр 1 шалгаруулж спонсор байгууллагын нэрэмжит шагналыг гардууллаа.
Тэргүүн байранд малын арьс, ширнээс гарган авсан коллаген уургийн пептидүүдийг агуулсан задраг буюу гидролизат дээр суурилсан түүхий эдийг ашиглан гоо сайхны загвар бүтээгдэхүүний технологийг боловсруулсан “Инновацлаг судлаачид” баг, Чонон хармаг жимсийг биотехнологийн аргаар тарималжуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслөө дэвшүүлэн оролцсон “Бэхэн нүд” баг шалгарсан бол дэд байранд хүрэн нүүрсний гумин хүчлээс модны эко будаг гарган авах технологийн шийдлийг дэвшүүлсэн “Coal tech” баг шалгарлаа.
Тусгай байранд байгалийн гаралтай түүхий эд болох чацарганы шахдаснаас хүний биед шаардлагатай төрөл бүрийн эрдэс амин дэмээр баялаг биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой “Шар инженерүүд” баг шалгарч “Эрдэм хакатон 2017” ялагч болох “Алтан биоплас” ХХК-ийн нэрэмжит шагналыг тус тус хүртлээ.