Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ДЭЛХИЙН ФИЛОСОФИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
ДЭЛХИЙН ФИЛОСОФИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн тэнхим хамтран дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Аристотелийн мэндэлсний 2400 жилийн ойд зориулан “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг 11 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгууллаа. 

            Хурлын зорилго нь хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд Аристотелийн оруулсан хувь нэмэр, түүний философийн сургаалиуд, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах мөн философийн түүхийн судалгааг хөгжүүлэхэд чиглэгдэж байв.

            “Аристотелийн ёс суртахуун-улс төрийн философи” үндсэн илтгэлийг нэрт философич, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Б.Даш-Ёндон тавьсан юм. Тэрээр дэлхийн сонгодог эх сурвалж болох Аристотелийн бүтээлийг грек хэлнээс эх хэлэндээ орчуулж, дэлхийн философийн түүхийн судалгааг эргэлтэд оруулахад жинтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд “Монголын хөгжлийн философи” суурь судалгааны ажил эрхэлж байна. 

            Хурлын үеэр Аристотелийн бусад ухагдахуунуудаар 9 хавсралт илтгэл тавигдсан юм. Тухайлбал, Сайн үйлийн тухай Аристотелийн үзэл ба орчин үе, “Метафизик” хэмээх ойлголтын тухай асуудал, Логикийн шинжлэх ухааны хөгжилд Аристотелийн гүйцэтгэсэн үүрэг, Аналитик хэмээх нэр томьёоны тухайд, Аристотелийн “Никомахын ёс зүй” зохиол дахь ёс суртахууны зарим асуудал, Аристотелийн философи дахь хүмүүжлийн тухай ойлголт, Аристотелийн философи дахь улс төрийн асуудлаас, Аристотелийн гоо зүйн үзэл ба орчин үе, Аристотелийн боловсролын талаарх үзэл баримтлал зэрэг илтгэлүүд хэлэлцүүлэгдэв. Улмаар эрдэмтэд Аристотелийн ёс зүй, хүмүүжил, боловсрол, гоо зүй, улс төр, логик, аналитикийн тухай асуудлуудыг хөндсөн байна.


           


 


 



Бусад мэдээлэл