Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЗАЛУУЧУУД 100 ЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
“ЗАЛУУЧУУД 100 ЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ  ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Шинжлэх Ухааны Академи, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  Монголын залуучуудын холбоо, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “Залуучууд 100 жил” эрдэм шинжилгээний хурал танхим болон цахим хэлбэрээр 10 дугаар сарын 28-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурлын нээлтэд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нар оролцож,  хуралд оролцогчдод болон зохион байгуулагчдад амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ.

“Залуучууд 100 жил” хурал “Монгол улсын хөгжилд залуучуудын байгууллагын түүхэн замнал” сэдвийн хүрээнд “Монголын ХХ зууны бүтээн байгуулалт залуучуудын үүрэг оролцоо”, “Монгол улсын залуучуудын байгууллагын түүхэн замнал”, “Залуучуудын дэд соёл ба үнэт зүйлс”, “Олон улсын харилцааны хөгжлийн шинэ чиг хандлага ба Залуучуудын оролцоо”, “Залуучууд судлалын хөгжлийн чиг хандлага”, “Залуучуудын тулгамдсан асуудал, шийдэл, гарц” сэдвийн хүрээнд “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн өнөөгийн байдал”, “Монголын залуучуудын эрүүл мэндийн өнөөгийн байдал”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба тулгамдсан асуудлууд”, “Залуусын спорт клубийн үйл ажиллагаанд оролцох эрэлт хэрэгцээ, одоогийн нөхцөл байдал”, “Монголын нийгэм дэх үе хоорондын эрэлт хэрэгцээ, одоогийн нөхцөл байдал”, “Монголын нийгэм дэх үе хоорондын ялгаа, цаашдын хандлага” зэрэг илтгэл хэлэлцүүлж, монголын залуучуудын түүхэн замнал, эх орны бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг үнэлсэн түүхэн баримтууд болон олон чухал тулгамдсан асуудлыг хөндөж, шийдэл, гарцыг эрэлхийлсэн хурал боллоо.


Тус хуралд ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатарын хэлсэн  үгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна.

ШУА-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ Г.ЧУЛУУНБААТАРЫН

“ЗАЛУУЧУУД 100 ЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД  ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт эрдэмтэд, судлаачид аа, Эрхэм хүндэт  зочид, төлөөлөгчид өө.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Шинжлэх Ухааны Академи, МУ-ын Засгийн газрын  Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Монголын Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй  “Залуучууд 100 жил” сэдэвт  эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд ШУА-ийн нийт эрдэмтэн судлаачдынхаа өмнөөс чин сэтгэлийн Талархал илэрхийлэхийн ялдамд Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил,  орчин цагийн шинжлэх ухааны байгууллага - Судар бичгийн хүрээлэнгийн 100 жил, Шинжлэх ухааны Академи  байгуулагдсаны  60 жилийн ойн давхар давхар  баярын  мэндийг өргөн дэвшүүлье.

Эх орны маань хөгжлийн ирээдүйг залуучууд тодорхойлдог манай  улсын хувьд  өсвөр залуу үеэ эрүүл энх, зүй зохистой өсгөж торниулах, сургаж бэлтгэх, ажил хөдөлмөр эрхлэх, бүтээн туурвих, төр, нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулах гээд бүхий олон талыг хамарсан залуучуудын хөгжлийн цогц бодлого,  үйл ажиллагааг  төр, засгийн байгууллагын бүх төвшинд боловсруулан хэрэгжүүлэхдээ  эрдэмтэн судлаачдын оролцоог хангасан, шинжлэх ухааны үндэстэй  судалгаа тооцоонд тулгуурлаж байх нь нэн чухал билээ.

Энэ үйл хэрэгт төрийн болон шинжлэх ухааны байгууллагууд, залуучуудын үүсгэл санаачилгын байгууллагуудын үр дүнтэй түншлэл, олон талын хамтын ажиллагаа бодитой хувь нэмэр оруулдаг юм. Шинжлэх ухааны болон залуучуудын байгууллагын  хөгжлийн өнгөрсөн зууны түүхэн замналд ийм түншлэл, хамтын ажиллагааны баялаг уламжлал бий. Залуучуудын байгууллагын түүхэн замнал хийгээд энд дурдсан түншлэл хамтын ажиллагааны уламжлалыг өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурал тал бүрээс нь хөндөн ярилцах гэж байгаад талархал илэрхийлье.

Монгол Улсын ШУА, түүний үе үеийн эрдэмтэн судлаачид нэгэн жарны туршид эх орондоо орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг авчрах, эрдэм ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх үйл хэрэгт үе үеийнхний залгамж холбоо, алтан хэлхээг эрхэмлэж, эртний уламжлалт багш шавийн барилдлагыг шинэ агуулгаар баяжуулан залгамжилж, эрдэмтэн мэргэдийнхээ залуу халааг бэлтгэх, залуу эрдэмтэн судлаачдаа дэмжих ажлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ. Тухайлбал Шинжлэх ухааны академи, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тус холбооноос зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал, судалгааны төсөл, грант шалгаруулалт зэрэг ажлуудыг дэмжиж, хамтран зохион байгуулж ирлээ.

Өнөөдөр дэлхийн улс орнууд Залуучуудын эрүүл мэнд, өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэвх оролцоо, хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэх болсон энэ шалгуур үзүүлэлтийг ашиглан гаргадаг индексийн үзүүлэлтээр Монголын залуучуудын үнэлгээ дэлхийн 180 гаруй орноос дундаас доогуур байрт эрэмбэлэгдэж байгаа мэдээлэл байна. Энд Монгол залуучуудын хөгжлийг хойш татаж байгаа гол үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэгээ ажил амьдралдаа ашигладаг тогтвортой хөдөлмөр эрхлэлт гэсэн хоёр үндсэн асуудал болж байна. Эндээс юуны өмнө анхаарвал зохих асуудал тодорхой харагдаж байгаа бөгөөд  өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцогчид ч эдгээр  асуудлыг хөндөж, судлан боловсруулах шаардлагатай тулгамдсан асуудал, шийдлийн байж болох гарц хувилбарын талаар нухацтай ярилцана гэж итгэж байна.

Шинжлэх ухаан, эрдэмтэн судлаачдадаа итгэх төр засгийн болоод олон нийтийн итгэл сэргэх хандлагатай болж байгаатай холбоотойгоор  Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал, Тогтвортой хөгжил, “Алсын хараа -2050” зэрэг хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлсон бодлогыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг улам бүр нэмэгдэж, судалгаа-хөгжүүлэлтийн ажлын үр дүн, түүгээр бий болсон  өгөгдөл нийгмийн үнэт баялаг болж буй түүхэн энэ цаг үед эх орныхоо хөгжлийн төлөө эрдэм ухаанаа улам дайчлан, мэдлэг бүтээх, түгээн дэлгэрүүлэх, эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийг залуус Та бүхэндээ уриалъя.  

Эх орныхоо шинжлэх ухаан, технологийн  салбарыг цаашид аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын шинэ цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд тэмүүлсэн залуу судлаачид, судлаачдын багийн аливаа санал санаачилгыг Монгол Улсын ШУА бүх талаар дэмжин үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Үүнд нэг талаас, төрийн болон шинжлэх ухааны байгууллагын хүсэл зорилго, нөгөө талаас залуучуудын байгууллага, залуу үеийнхний өөрсдийн санал, санаачилга, идэвхтэй үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Залуус Та бүхэн эх орныхоо баялаг түүх, өнгөрсөн үеийн ололт амжилт, алдаа онооны туршлагаас сургамж авч, ахмад үеэ хүндэтгэн, улсынхаа хөгжлийг буухиалан хөтлөгч, өндөр боловсролтой, ажилч хөдөлмөрч, бүтээлч санаачилгатай, идэвх чармайлттай иргэн байж, эх орон ард түмэн, ахмад үеийнхнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа дахин илэрхийлье.   

Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

 


Бусад мэдээлэл