Б.Батхишиг "Монгол дахь зах зээлийн эдийн
засгийн хөгжлийн асуудлууд" сэдвээр Шинжлэх Ухааны Докторын зэрэг хамгааллаа.
“Шинжлэх ухааны докторын зэрэг
хамгаалуулах, олгох журам”-ыг үндэслэн ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр Б.Батхишигт “Шинжлэх
ухааны докторын диплом”-ыг гардуулан өглөө.
Б.Батхишиг нь хуучнаар ЗХУ-ын Ленинградын улсын их сургуулийн эдийн засгийн факультетэд суралцаж эдийн засагч, улс төрийн эдийн засгийн ухааны багш мэргэжил эзэмшжээ.
Улмаар УБДС-д багш, Нийгмийн ухааны академи, Засгийн
газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв, Удирдлагын
академи, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан,
эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал зэрэг ажлыг хийж байв.
Мөн 2017 оноос ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан, Улс төри
эдийн засгийн ухааны тасгийн даргаар ажиллаж байжээ.
Тэрбээр манай улс зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн
1990 оноос хойш эдүгээ хүртэлх эдийн засгийн хөгжлийн асуудлаар судалгаа хийж, “Монгол
дахь зах зээлийн эдиййн засгийн хөгжлийн асуудлууд” хэмээх нэг сэдэвт бүтээл
бичсэн нь өдгөөгийн дипломын ажлыг сэдвийн үндэс болжээ.
Энэхүү бүтээлд
Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих
шилжилтийн үндсэн алхмууд, сорилт, онцлогийг нээн харуулж, өнгөрсөн 30-аад
жил дэх зах зээлийн харилцааны төлөвшил,
үйлдвэрлэх хүчний өөрчлөлт, тэдгээрийн гол зөрчлүүдийг судлан шинжилж,
шийдвэрлэх арга замыг тодотгон, Монголын эдийн засгийн цаашдын хөгжлийн онолын
үндсийг тодорхойлон бичсэн байна.
Уг судалгаандаа хөгжлийн тухай философийн
онолын үндэс болгож, сонгодог ба шинэ улс төрийн эдийн засгийн ухаан болон
экономикийн судалгааны онол, арга зүйг хослуулан хэрэглэсэн нь энэ талаарх
анхны оролдлого юм. Энэхүү бүтээлд дэвшүүлсэн санал зөвлөмжүүдийг төр засгийн
эдийн засгийн бодлогын үндэслэлийг боловсруулахад ашиглаж болох юм.