Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Л.БОЛД: ТУРК ХЭЛ МОНГОЛ ХЭЛТЭЙ ХЭРХЭН ХОЛБОГДОХ ХАРЬЦААГ СУДАЛСНЫ УЧИР ЭНЭ ШАГНАЛЫГ ОЛГОСОН
Л.БОЛД: ТУРК ХЭЛ МОНГОЛ ХЭЛТЭЙ ХЭРХЭН ХОЛБОГДОХ ХАРЬЦААГ СУДАЛСНЫ УЧИР ЭНЭ ШАГНАЛЫГ ОЛГОСОН

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болдтой ярилцлаа.



-Юуны өмнө танд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ шагналын талаар танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Туркийн шинжлэх ухааны академаас дэлхий нийтэд зарлагддаг шагнал юм байна. Энэхүү шагналыг 2015 оноос эхэлж биологи, анагаах, нийгэм хүмүүнлэг, техник технологи гэсэн гурван чиглэлээр олгодог юм байна. Энэ удаагийн шагналд техник технологи чиглэлээр Сингапурын эрдэмтэн, нийгэм хүмүүнлэгээр Бухарисын их сургуулийн профессор мөн миний бие, биологи анагаах ухааны салбарт нь турк гаралтай мөртлөө Америкийн иргэншилтэй эрдэмтэн бид дөрөв шалгарсан байсан. Шагналыг Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган гардуулдаг уламжлалтай юм байна. Өнгөрсөн сарын 26-ныөглөөний 10:00 цагт бэлэн байгаарай гэсэн урилга ирсэн. Эхлээд Турк улсын ерөнхийлөгчийн ордонд орлоо. Олон шат дамжлагатай юм байна. Рэжэп Тайип Эрдоган ерөнхийлөгч шагнаж байгаа хүмүүсийнхээ гэр бүлийн хүмүүст баяр хүргээд хамт зургаа авахуулсан. Туркийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөс ирсэн захидалд “Таны эртний Турк болон Уйгар, урианхай хэл болоод Саяаны турк хэл монгол хэлтэй хэрхэн холбогдох харьцааг судалсны учир энэ шагналыг олгоё" гэсэн байсан.

-Монгол хэлийг баялаг үгийн сантай, басхүү эртний хэл гэдэг?

-Хэл бол нийгмийн гишүүдээ нэгтгэж, хөгжлийг хурдасгах хүчирхэг зэвсэг юм. Аль ч нийгмийн үед энэ үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Эх хэл маань балар эртний үеэс мөхөлгүй орчин цагийн монгол хэл хүртэл монголчуудын оюун ухаанаар тэжээгдэж, үгийн сан баяжин, хэл зүй улам төгөлдөржиж, хөгжин ирсэн. Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг энэ их өвийг хадгалан үлдээхэд их үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой юм.

-Монгол хэлийг хэзээнээс эхэлж судалж байсан юм бол?

-Судалсан гэж яривал их эртний түүх ярих болно. Монгол хэлний анхны судалгааны бүтээл XIII зуунаас эхэлсэн байдаг. Барагцаалбал XVII зууны дунд үеэс өнөөдрийн үе хүртэлх хугацааг орчин цагийн монголчуудын утга зохиолын үе гэж үздэг. Монголчуудын дээд өвөг нүхэн гэрт амьдарч байх үеийг тусгасан үг хэллэг орчин цагийн монгол хэлэнд одоо ч байна. Түүгээр улбаа хийгээд эртний хэл гэж тооцдог. Дорнын их соёлыг бүтээсэн эртний самгард хэл гэж байна. Одоо энэ хэл мөхчихсөн. Латин хэл байна, энэ бас мартагдчихсан. Эдгээр хэлтэй харьцуулахад монгол хэл түүхэн урт хугацааны турш мөхөөгүй ирсэн нь эх хэлний маань гайхамшиг. Манай хэлэнд бусад хэлнээс ялгарах олон гайхамшгийн нэг нь энэ.

-Монголчууд хэзээнээс бичиг үсэгтэй болсон юм бол?

-Олонх судлаачдын үзэж байгаагаар Хүннү гүрний үед бичиг үсэг үүсэх нийгэм, түүх, соёлын нөхцөл бүрэлдэн тогтсон байж. Ер нь монгол хэл хэдийд үүссэн бэ гэдгийг бид хэлж чадахгүй. Гэхдээ бичгийн хэл харьцангуй эртний үед бий болжээ. МЭӨ 425 онд монгол хэлний эртний үед хамаарагдах Табагачийн эзэн хаан шинэ үсэг 1000 гаруйг зохиож эх хэлээ төрийн хэл болгож байсан тухай түүхэн сурвалжид тодорхой тэмдэглэгдсэн. Тэгэхээр Табагачийн үеийн бичгээс өмнөх хуучин бичгийг хятадын түүхчид Кэ-мо “мод хэрчих” үсэг гэж тэмдэглэсэн байдаг. Кэ-могоос нэлээд боловсронгуй болсон хадны бичгийг туркууд авч хэрэглэсэн байдаг. Монголчуудын бичиг үсэг сольсон түүхийг аваад үзвэл эх хэлнийхээ авиаг тодорхой тусгасан бичиг үсгийг л хэрэглэх гэсэн тэмүүлэл байсан. Монголчууд төр гүрэн байгуулагмагц бичиг үсгийн тогтолцоондоо ямагт анхаарч ирсэн. Тухайлбал, Кидан гүрний үед Киданы их, бага бичиг зохион хэрэглэж байсан бол Монголын эзэнт гүрний үед уйгаржин монгол бичгийг төрийн бичиг болгон хэрэглэсэн баримт “Монголын нууц товчоо”-нд тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Хубилай хаан Юань гүрнийг байгуулахад Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиолгож улсын бичиг болгосон байдаг. Тэгэхээр монголчууд бичиг үсэгтэй болсон нь МЭӨ 425 оноос өмнөх үе болж тааарах гээд байна. Бид яагаад олон хүн амтай хөрш орныхоо хэл соёлыг аваагүй юм бэ гэхээр манай улс хэл соёл, бичиг үсгийн талдаа маш өвөрмөц бодлого барьж ирсэн түүхтэй холбоотой. Хэрвээ манай өвөг дээдэс хөрш орныхоо бичиг үсгийг авсан бол тэдэндээ уусаад их л амархан байх байсан биз дээ. Бичиг үсэг авсан түүхийг харвал соёлтой орноос, гэхдээ орчин үеийн хэлээр бол гурав дахь хөршөөсөө авч байсан шүү. Тухайлбал, уйгаржин монгол үсгийг Дундад Азид амьдарч байсан Согдуудаас, дөрвөлжин үсгийг Гимилайн уулсын цаана орших төвдүүдээс, соёмбо үсгийг эртний ланз үсгээс үлгэрлэн авсан байх жишээтэй. Эдгээр үсэг бичгүүд тухайн үеийнхээ монгол хэлний хөгжлийн онцлогийг сайтар тусгаж байсан нь монгол хэлийг урт хугацаанд харилцааны үүргээ гүйцэтгэхэд нөлөөлсөн юм.

-Турк хэлэнд монгол хэлний үг олон байдаг гэж сонсож байсан юм байна?

-Хэл шинжлэлийн онолын үүднээс монгол, турк, манж, түнгүс хэлийг нэг гаралтай гэж үздэг. Тэдний өвөг дээдэс алтай уулсын орчмоор нутаглаж байсан учраас алтай хэл гэж нэрлэх болжээ. Мөн энэ бүлэг хэлний бүрэлдэхүүнд Солонгос, Японы эртний хэлийг ч оруулдаг.

-Кирилл үсэг авсан нь зөв байсан уу?

-Би кирилл үсэг бичгийг авсан нь зөв гэж хэлнэ. Уйгаржин бичгээ авъя гэхэд ярианы хэл бичгийн хэл маань дэндүү холдоод байсан. Бас нийгэм түүхийнхээ бодит байдлыг бид зөв үнэлэх хэрэгтэй гэж боддог. Түүхээс үзвэл тэр үеийн сэхээтнүүд латин үсэг авах гэж үзсэн юм билээ. Латин үсгээр монгол хэлийг тэмдэглэхэд хэцүү. Одоо ч гэсэн латин үсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч бид ө, ү үсгээ хос, урт эгшгээ яаж тэмдэглэх зэрэг маргаан тасралтгүй гарч байна шүү дээ.

-Таны үндсэн мэргэжил хадны бичиг судлаач. Энэ чиглэлээрээ хэд хэдэн ном хэвлүүлсэн гэж сонссон?

-Би 1971 онд МУИС-ийг монгол хэлний мэргэжлээр төгссөн. Манай төгсөлтөөс хоёр хүүхдийг Шинжлэх ухааны академи авна гэж Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний шийдвэр гаргуулж байсан юм билээ. Хоёр хүүхдийн нэг нь академич Х.Сампилдэндэв, нөгөө нь би. Тэр үед халамжлан хүмүүжүүлэгч гэж эрдэмтдийг томилж байсан. Намайг академич А.Лувсандэндэв гэж хүнд хуваарилсан. Багш маань “Чи намайг дагаад турк судлаач болох уу” гэж асууж байсан. Тэр үеийн нөхцөл байдал турк судлал зайлшгүй гарах хэрэгтэй байсан. Би ч сониуч зандаа хөтлөгдөөд зөвшөөрсөн. Хөвсгөлийн хойгуур цаатан урианхайн хэл аялгууг судлуулж нэг жил намайг дагуулж явсан. Дараа нь ганцаараа зургаан жил явж материал бүрдүүлсэн. Тэр л судалгааны ажлаараа би дэд эрдэмтэн болсон хүн. Тэр үед хадны бичиг гэдэг юм судлах ажил ид өрнөж, ЮНЕСКО ч шаардаж байсан юм байна лээ. Ингээд тэр үед ЗХУ-ын эрдэмтдийг дагаж хөдөө орон нутгаар явж эртний Түрэгийн хөшөө дурсгалын талаар судалж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгааны ажлуудаа нэгтгэж зохиолын хэлбэрт оруулж дөрвөн ном болгож хэвлүүлсэн. Тэгж л турк судлал руу хөл тавьсан маань тэр. Монгол нутаг уудам, хөшөө дурсгал энд тэнд байдаг. Турк хөшөө дурсгалын 60 гаруй байрлалд 100 орчим хөшөө байна. Тэр бүрийг судлах шаардлагатай.

- Олон арваараа нутагших болсон харь үгсийн талаар шүүмжлэл их явдаг?

-Мэдээж худалдаа харилцаа маш их байсан нийгэм түүхийн нөхцөл байдлаас болж нэг хэлнээс нөгөө хэлэнд орсон үг бол байх. Аль ч хэлэнд байдаг. Гэхдээ тухайн хэлний үгийн сангаа баяжуулж байдаг юм.

-Орчин цагийн монгол хэлний талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Одоо монгол хэл судлалын талаар улам эрч хүчтэй ажиллах хэрэгтэй байна л даа. 2002-2012 онд Монголын жишгээр дэлхий нийтээр бичигтэн болох НҮБ-ын тогтоолыг батлуулсан. Монгол хэлний цахим толь, Монгол хэлний тайлбар толь зохиох ажлыг Ерөнхийлөгчийн ивээл дор гүйцэтгэж байсан. Харин шүүмжлэлтэй байгаа асуудал нь монгол хэлний цахим сан хөмрөгийг одоо хүртэл байгуулж чадаагүй байна. Орчин цагийн монгол хэл бүрэлдэн тогтсон нь XVII-XVIII зуунаас эхлэлтэй. “Мэргэд гарахын орон”, “Ганжуур данжуур”-ын үеэс эхэлж орчин цагийн монгол хэл гэсэн ойлголт гарч байгаа юм. Яагаад гэхээр тэр үеэс эхлээд бидний одоогийн хэрэглэж байгаа хэл зүй, үгийн сангийн хэм хэмжээ бүрэлдэн тогтож, өөрийн хэв загварыг олсон байсан. Тэр үеэс хойших бүх зохиолын хэлийг цахим санд оруулах хэрэгтэй. Тэгж байж монгол хэлний тайлбар толийг хийх ёстой юм. Монголын уран зохиолын дээд 108 боть хийсэн. Тэр бол зөвхөн нэг хэсэг нь. Уран зохиолын хэл гэдэг монгол хэлний нэг л хэлбэр. Үүнээс гадна шинжлэх ухаан техникийн нэр томьёо, албан бичгийн хэл, хэвлэл мэдээллийн үгсийг цахим сонинд оруулах хэрэгтэй байгаа. Шинэ нийгэмд шинэ үг хэллэг олон гарна. Монгол хэлэнд нэмэгдэж байгаа ачаалал их. Бидний ажлыг хөнгөвчлөх шинжлэх ухаан техникийн дэвшлийг ашиглах хэрэгтэй. Ард түмнийг бичиг үсэгт сургахад нөлөөлөх хэл шинжлэлийн хүчин зүйлийг эрдэмтэд боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлоготойгоо нийлж байж үр дүнд хүрдэг. Иймээс монгол хэлийг шинжлэх ухааны хэл болоход төр засгийн нөлөөлөл их бий.



Бусад мэдээлэл