Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн хамт олон “Улсын нэр томьёоны комисс” байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны олон салбарын нэр томьёог оноон тогтоож ирсэн уламжлал болон орчин цагийн нэр томьёо судлалд тулгамдаж буй асуудлаар “Монгол нэр томьёо судлал-90” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Монгол судлалыг дэмжих сан”-ын дэмжлэгтэйгээр 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Уг хуралд Монгол улсын ССАЖЯ-ны харьяа Төрийн хэлний зөвлөлийн ажлын алба, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, бусад хүрээлэн, МУИС, МУБИС, Монголын Анагаах ухааны академи, Дархан хотын төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Монголын металлургичдын холбоо болон ОХУ, БНХАУ, БНПАУ-ын нийт 70 гаруй төлөөлөгч оролцсон ба хурлыг нээж ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж үг хэлсэн ба ССАЖ-ын сайд, Төрийн хэлний зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэл мэндчилгээ ирүүлэв.
Хуралд академич Л.Болд “Нийгмийн амьдралд үзүүлэх нэр томьёоны үүрэг”, академич С.Нарангэрэл “Хууль зүйн эх толь бичиг” төслийн явц, үр дүн”, академич П.Нямдаваа “Монгол анагаах ухааны нэр томьёог төлөвшүүлэх асуудалд” зэрэг нэр томьёоны ерөнхий төлөв байдал болон салбарын нэр томьёог өнөөгийн нөхцөлд боловсруулж буй арга замын тухай илтгэл хэлэлцүүлсэн бол “Нэр томьёог боловсронгуй болгох хэл шинжлэлийн үндэс” илтгэлийг доктор (Ph.D) Г.Гэрэлмаа, “Нэр томьёог оноон тогтолцоожуулах асуудалд” илтгэлийг доктор (Ph.D), О.Шинэбаяр, “Нэр томьёоны үйл ажиллагаа, зохицуулалт” илтгэлийг доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг нар хэлэлцүүлсэн нь нэр томьёо тогтоох үндэс, арга зарчим, зохицуулалтын асуудлыг авч үзсэн байлаа.
Орчин үед нэн шаардагдаж байгаа нэр томьёог боловсруулахад техник, технологийн дэвшлийг ашиглах тухайд БНХАУ-ын эрдэмтэн доктор, проф. Насан-Урт “Монгол нэр томьёо боловсруулах шинэ аргачлалын асуудалд”, ШУТИС-ын багш доктор (Ph.D) Г.Баярмаа, Ц.Одхүү нар “Нэр томьёоны өгөгдлийн сан үүсгэх боломж” сэдвээр илтгэсэн нь эдгээр аргыг нэр томьёонд хэрэглэх нь зүйтэйг харуулсан юм.
Шинжлэх ухааны олон салбарын уламжлалт болон орчин үеийн нэр томьёог оноон тогтоосон талаар анагаах ухааны доктор (Sc.D), Ж.Раднаабазар “Монголын анагаах ухааны нэр томьёог оноож ирсэн туршлага”, ОХУ-ын эрдэмтэн доктор, проф. Е.В.Сундуева “Орографическая термины со значеним “солончак” в монгольских языках”, Польшийн эрдэмтэн Жоанна Долинска “Алтайн хэлнүүдийн гарвал зүйн холбооны үүднээс монгол нэр томьёог судлах анхан шатны судалгаа”, Ц.Мөнхжаргал, Ц.Найдан, Г.Эрдэнэбилэг, А.Ганзориг нар “Металлургийн салбарын нэр томъёо бүрэлдэж байгаа туршлага”, доктор (Ph.D) М.Золзаяа, доктор (Ph.D) С.Соёлмаа нар “Философийн нэр томьёоны онцлог”, доктор (Ph.D) Д.Болормаа “Уран зохиолын уламжлалт нэр томьёоны тухайд”, доктор (Ph.D) Б.Бямбаа “Монголын уран зохиолын орчуулгын нэр томьёоны хэрэглэгдэж ирсэн байдал”, БНХАУ-ын эрдэмтэн, доктор Сүмбэрбат “Шинэ үгс, шинжлэх ухааны адармаатай нэр томьёог монгол хэлнээ дүйцүүлэн оноохын учир”, ОХУ-ын эрдэмтэн доктор (Ph.D) Ц.Д.Бабасан “Буриадын нэр томьёо орчин үед дахин сэргэсэн нь”, ОХУ-ын эрдэмтэн Ж.Ш.Жамьян “Буриад хэлний нийгэм-улс төрийн үг хэллэг бүтээхэд авиа зүйн арга хэрэглэх нь” зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ. Мөн нэр томьёог орчуулах болон жигдрүүлэх талаар доктор (Sc.D), проф С.Дулам “Орчин үед тулгамдаж байгаа зарим нэр томьёог монголчлох асуудалд”, доктор (Ph.D) Ч.Алтанзагас “Гадаад нэр томьёог орчуулах тухайд”, БНХАУ-ын эрдэмтэн доктор Хастуяа “Байгууллага нэгжийн нэр томьёоны дүрэмжилттэй холбоотой асуудал”, доктор (Ph.D) Д.Сумьяа “Орчин цагийн монгол хэлэнд орсон төвд, санскрит зарим нэр томьёоны бичлэгийг жигдлэх тухайд”, доктор (Ph.D) С.Энхжаргал “Нэр томьёог хэвшүүлэхэд сурах бичгийн гүйцэтгэх үүрэг” зэрэг илтгэлүүд нэр томьёог орчуулах, улмаар олон нийтэд хэвшүүлэх асуудлыг хөндсөн байв.
“Монгол нэр томъёо судлал-90” эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд илтгэлүүдтэй холбогдуулан болон Улсын нэр томьёоны комисс, монгол нэр томьёоны асуудлаар С.Галсан, С.Мөөмөө, Ж.Нэргүй, Ж.Раднаабазар, Д.Төмөртогоо, Ц.Эрдэнэбат, Б.Бямбаа, Ч.Алтанзагас нарын ахмад эрдэмтэд үг хэлж санал бодлоо солилцов. Хурлаас нэр томьёо боловсруулах үйл ажиллагаа, эрхзүй, зохион байгуулалтын талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж гаргав.
Шинэ цагийн Монгол орны шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Улсын нэр томъёоны комисс байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон ийнхүү эрдэм шинжилгээний хурал зохион байгуулснаас гадна “Монгол нэр томъёо судлалын товчоон”, “Нэр томъёо судлалын өгүүллүүд” бүтээлээр бэлэг барилаа.
Хэл зохиолын хүрээлэн