Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ТӨВИЙН КЛАСТЕРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ТӨВИЙН КЛАСТЕРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Шинжлэх ухаан, технологи инновацийн төвийн кластерийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын эрдэмтэн судлаачдын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл энэ бүтээн байгуулалт бол манай улсын шинжлэх ухааны салбарын хувьд 1921 онд Судар бичгийн хүрээлэн, 1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдсны дараа орох түүхэн үйл явдал болж байна гэж нээлтийн үгэндээ онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинжлэх ухаанд тулгуурласан төрийн бодлоготой байж улс орон хөгжинө гэж Засгийн газар үзэж байна. 2021 онд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэгш ойн босгон дээр түүхэн том бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Энэ ажилд Засгийн газраас 94,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ” гэдгээ ёслолд оролцох үеэрээ хэлсэн юм.

Мөн Ерөнхий сайд энэ үеэр “Дараагийн Засгийн газрын хуралдаанаас эхлээд Монгол улсын засгийн газрын хуралдаанд Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч сууж байгаасай гэж хүсч байна. Д.Рэгдэл таныг албан ёсоор урьж байна. Засгийн газрын хуралдаан дээр шийдвэрлэгдэх гэж байгаа асуудалд та шинжлэх ухааны зүгээс үнэлэлт дүгнэлт өгдөг байх ёстой гэж бодож байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгож байна” хэмээн онцолсон юм.

2019 онд болсон Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлаас гаргасан бодлого, шийдвэр, 2020-2024 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн одоогийн түвшинг ахиулах, үр дүнг нэмэгдүүлэх, улс орны хөгжлийг хурдасгахад шинжлэх ухааны үр өгөөж, ач холбогдлыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийг дэмжих, судалгааны ажил, инновацийн үйл ажиллагааг дэмжиж, гарааны компаниудыг олноор бий болгох зорилгоор энэхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.
Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4,8 га талбайд баригдах ба 74,300 м2 ашиглалтын талбай бүхий үндсэн 7 хэсэг барилга, байгууламжаас бүрдэх юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 94,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг цогцолборыг 2022 онд ашиглалтад оруулах бөгөөд гүйцэтгэгчээр барилга угсралтын “Нутгийн буян” ХХК ажиллаж байна.
Цогцолборын барилгад олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын заал, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей зэргийг байрлах бөгөөд Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3300 орчим эрдэмтэн судлаач, албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи, инноваци, танин мэдэхүйн төв болох юм.
Цогцолбор байгуулагдсанаар биотехнологи, нано технологи, мэдээллийн технологи зэрэг шинжлэх ухаан, инновацийн тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны үндэсний төв, лабораториудыг байгуулагдах боломж, нөхцөл бүрдэх бөгөөд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх замаар үндэсний судалгааны чадамж сайжруулж, судалгааны ажлын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

 Инновацийн төвийн кластерын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолыг нээлтийн үеэр ШУА-ийн Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхий сайдаа,

Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Хүндэт зочид, эрдэмтэн судлаачид, номын нөхөд өө,

Монгол Улсынхаа оюуны ертөнцийн болоод ялангуяа шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд мөнхрөн үлдэх сайхан үйл явдалд оролцогч-гэрч болох гайхалтай хувь зохиолоор та бид өнөөдөр энэ талбайд цуглаад байна. Та бүхэндээ учрал ерөөл бүрдсэн энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ Монгол Улсад төрийн бодлогоор орчин цагийн шинжлэх ухаан хөгжүүлж эхэлсний 100 жилийн ойн өмнөхөн болж байгаа манай салбарын зууны их бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд зорьж, морилон ирсэн эрхэм Ерөнхий сайд Танд бид их баярлаж байна.

Нийт хүн төрөлхтөн, улс орон бүрийн ирээдүйн хөгжлийн хувь заяа Аж үйлдвэрийн 4, 5 дугаар хувьсгалын технологиудаар тодорхойлогдох болсон ийм түүхэн цаг үед Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Засгийн газрын шийдвэрээр улс орны маань шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн шинэ эрэн үеийн төв голомт болох энэхүү нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалт эхлэж байгаа нь эх орны нийт эрдэмтэн судлаачдад ихээхэн урам зориг өгч байна. Энд би шинэ “эрэн үеийн” гэж онцолж байгаагийн учир нь өнөөдөр суурийг нь тавьж буй эл бүтээн байгуулалт бол цар хүрээ, ач холбогдол, эх орны хөгжилд гүйцэтгэх үүргээрээ 1921 онд Судар бичгийн хүрээлэн, 1961 онд ШУА байгуулагдсан түүхэн үйл явдлын дараа орох том ажил гэж тодруулж буй хэрэг ээ.

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудалд манай засаг төрөөс онцгойлон анхаарч, олон жилийн турш амь аргацаах зарчмаар явж ирсэн уламжлалт ядмаг хандлагыг эрс өөрчилж, салбарын бодлого, менежмент, бүтэц зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмыг цогцоор нь өөрчлөн сайжруулах ажлыг ам хэлээр биш ажил хэргээр өрнүүлж байгаа билээ. Үүний нэг бодит, томоохон жишээ бол энэ бүтээн байгуулалт юм.

Урьдчилсан тооцоогоор төлөвлөж буй цогцолбор нь 3000 орчим эрдэмтэн судлаач, багш нар болон захиргаа, аж ахуй, үйлчилгээний ажилтнуудыг ажлын байраар хангах боломжтой. Нийт 3 корпус бүхий лабораторийн барилгууд орчин үеийн шаардлагад бүрэн нийцэх бөгөөд ашиглалтын талбайн хувьд лабораторийн бааз түшиглэн ажилладаг ШУА-ийн 9, манай салбарын бусад хүрээлэнгийн олонх орж ажиллах багтаамжтай юм. Цогцолборын дэргэд 360 айлын харьцангуй хямд үнэтэй орон сууц, хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг бид БШУЯ-тайгаа ярилцан төлөвлөөд ажиллаж байна.

Энэхүү нэгдсэн цогцолбор ашиглалтад орсноор ямар шинэ боломж нээгдэж, ямар үр дүнд хүрч болохыг бид дараах байдлаар төсөөлж байна.

· Зөвхөн шинжлэх ухаан, технологийн салбарт төдийгүй уул уурхай, барилга, зам тээвэр, газар тариалан, мал аж ахуй гээд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой ахиц гарах шинжлэх ухаан, технологийн үндэсний чадавхи бүрдэх баттай суурь тавигдана.

· Монгол Улс шинжлэх ухаан, технологийн зарим гол салбар олон улсын жишигт хүрч хөгжих, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнээр дэлхийд болон бүс нутагтаа өрсөлдөх бололцоо нээгдэнэ.

· Судалгааны лабораториуд төрөлжин байгуулагдаж, түүний ашиглалт сайжирснаар салбар дамнасан хийгээд салбар дундын судалгаа явуулах нөхцөл сайжирч, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн судалгаа, шинжилгээний ажлын чадавхийг нэгдсэн хүч болгон зохион байгуулж ашиглах бололцоо эрс өргөжинө.

· Шинжлэх ухааны мэдлэг шингэсэн шинэ технологи, инновацийг улс орны хөгжлийн тэргүүлэх салбарт нэгдсэн бодлогоор чиглүүлэх, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн нэгдлийг хангах нэг том орчин бүрдэнэ.

· Гадаадын өндөр хөгжилтэй улс оронд сурч ажиллаж буй авьяас чадвартай залуучууд маань эх орондоо ирж, сурсан мэдсэнээ монгол түмэндээ, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулах, өөрөөр хэлбэл тархины урсгалыг буцаан эргүүлэх бодит ажил эхэлнэ.

· Эл бүтээн байгуулалт бол шинжлэх ухаан, технологийг дэмжих, салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг олшруулж, хэмжээг нэмэгдүүлэх талаар “Алсын хараа 2050” болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтууд амжилттай хэрэгжих бааз суурь болно.

Энэ мэтчилэн шинжлэх ухааан, технологийн салбарт цоо шинэ, таатай орон зай, үр өгөөжтэй ажиллах нөхцөл бүрдэхнээ хэмээн эрдэмтэн, судлаачдын маань итгэл сэргэж, сэтгэл санаа өөдрөг, урам зоригтой хөдөлмөрлөх эрмэлзлэл дүүрэн байгааг тэмдэглэн хэлхэд таатай байна. Цоо шинэ хандлага, дорвитой өөрчлөлтийн эх суурийг тавьсан Засгийн Газрынхаа түүхэн шийдвэрийг манай эрдэмтэн судлаачид, шинжлэх ухаан, технологийн салбарын нийт ажиллагсад нэн талархалтай хүлээн авч, бүхий л талаар дэмжин хэрэгжүүлэх эрмэлзэл дүүрэн байна.

Цар тахлын улмаас улс орны эдийн засагт хүндрэл, бэрхшээл учирч буй энэ амаргүй цаг үед шинжлэх ухаан, технологийн салбараа дэмжиж, эрдэм мэдлэгт тулгуурлан хүндрэлийг даван туулах замыг зоригтой сонгож, алсыг харсан ухаалаг шийдвэр гаргаж буй төр, засагтаа ШУА, нийт эрдэмтэн, судлаачдынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархалаа дахин илэрхийлье.

Эрдэм мэдлэгийг дээдэлж, эх орноо хөгжүүлэх бидний хамтын хүчин чармайлт бодит үр дүнд хүрч, өнөөдөр эхэлж буй бүтээн байгуулалтын ажил товолж, төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Бусад мэдээлэл