“Орос, Монгол: шинжлэх ухааны хамтын
ажиллагааны үр дүн ба хэтийн төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ
сарын 6-9-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдаж байна.
Орос-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааны
үр дүн, хэтийн төлөв, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх зорилготой тус
хурлыг Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Эрхүү
хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи,
ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбар хамтран зохион байгуулж
байгаа юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол
улсыг төлөөлж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д. Рэгдэл, сансрын нисгэгч, Монгол
улсын баатар Ж. Гүррагчаа, академич С.Батмөнх, С.Дэмбэрэл тэргүүтэй 21
төлөөлөгч оролцож байгаа юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн
үйл ажиллагааны үеэр МУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д. Рэгдэл хэлсэн
үгэндээ “Орос, Монгол судлаачдын хамтын ажиллагааны талаар дурдаад, Монгол улсын шинжлэх ухааны салбар гэлтгүй
бусад бүх салбарт боловсон хүчин бэлтгэх үйл явцад Эрхүү хот онцгой байр суурь
эзэлдэг талаар онцоллоо. Мөн Шинжлэх
ухааны бүтээн байгуулалт, эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийн хэмжээ
нэмэгдэх талаар дурдаж энэ нь 2 орны
цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай нөхцөл бүлдүүлнэ” гэсэн юм.
Түүнчлэн, өнгөрсөн оны сүүлчээр
ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын
дарга В. Н. Пармон хүртсэн бөгөөд цар тахлын улмаас гардуулах боломжгүй байсныг
тус эрдэм шинжилгээний хурлын хүрээнд гардуулж өгсөн байна.