Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл
тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеевтэй 2018
оны 10-р сарын 30-нд Москва хотноо албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтанд Монгол улсын талаас ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич
Г.Чулуунбаатар, Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Sc.D
С.Чулуун болон Оросын талаас дэд
ерөнхийлөгч, гадаад харилцааны хэлтэсийн дарга, нэрт палентологич, академич
А.Ю.Розанов, Дорно дахины хүрээлэнгийн дэд захирал, доктор А.С.Железняков нар
оролцсон байна.
Энэ үеэр хоёр талын академи хоорондын уламжлал
харилцааг дурсаж 1990-ээд оны хүнд үед ч
энэ уламжлалт харилцаа, эрдэмтэд хоорондын үйл ажиллагааг тасралтгүй явуулж
ирснийг талууд дурдаад цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ ярилцсан байна.
Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч
Д.Рэгдэл, цаашид Монгол-Оросын хамтарсан цогц шинжилгээний ангиудыг идэвхтэй
үргэлжлүүлэн ажиллуулах, тасалдсан шинжилгээний ангиудыг сэргээх боломжийг
судлах, ирэх жил болох зарим хамтарсан ангиудын түүхт 50 жилийн ойг тэмдэглэх
хүсэлтэй байгаагаа хэлжээ. Мөн эрдэм
шинжилгээний ажилтнуудын тэгш солилцоог ахин сэргээж хэрэгжүүлэх, байгальд
ээлтэй эрчим хүчний нөөц ашиглаж нэгдсэн томоохон төсөл хэрэгжүүлэх зэрэг олон
ажилд хоёр академи хамтын ажиллагааны гэрээг дахин шинээр
байгуулах асуудлыг тавьсан байна.
ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич
А.М.Сергеев Монгол-оросын шинжлэх ухааны
хамтын ажиллагааны уламжлалыг онцгойлон
дурдаад бид бүс нутаг болон Оросын дорно дахины улс орнуудтай харилцаж явуулж
байгаа бодлоготой уялдуулан шинжлэх ухааны хамтын томоохон төсөл хөтөлбөр
хэрэгжүүлэх, ялангуяа цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем буй болгох асуудалд
анхаарч байгаагаа онцлов. Мөн хоёр талд
боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм шинжилгээний ажилтны тэгш солилцоог өргөжүүлэх
ажлыг 2019 оноос идэвхжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан байна.
Түүнчлэн
академич А.М.Сергеев хамтарсан шинжилгээний ангиудын түүхт 50
жилийн ойг ирэх жилийн 8 сард хийхийг дэмжиж, ойн арга хэмжээнд оролцохоор
Монгол улсад айлчлахаар болжээ. Тэр үеэр хамтын ажиллагааны гэрээнд дээрх асуудлыг тусгаж
гарын үсэг зурахаар тохиролцсон байна.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич, А.М.
Сергеев Монгол улсад айлчлах үедээ хамтын судалгааны ажлуудтай танилцах,
биологи, археологийн малтлага судалгаатай танилцах хүсэлтэйгээ илэрхийлж,
цаашид хоёр орны шинжлэх ухааны хамтын
ажиллагааг улам бодитой, үр дүнтэй явуулах талаарх монголын ШУА-ийн
ерөнхийлөгчийн саналыг бүрэн тусгахаар ярилцжээ.