Вэбсайтын цэс
Хэлний сонголт
С.ДЭМБЭРЭЛ: ХҮН УНАЖ БОЛНО, БОСОХ ТЭНХЭЭТЭЙ БАЙХ Л ЧУХАЛ
С.ДЭМБЭРЭЛ: ХҮН УНАЖ БОЛНО, БОСОХ ТЭНХЭЭТЭЙ БАЙХ Л ЧУХАЛ

Академич, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Монголын академичдын их гэр бүлийн гишүүн болоод удаагүй байгаа түүнийг эрдэмтний бус хувь хүний хувьд хэн бэ гэдгээр уншигчдадаа танилцуулахыг хүслээ. Салбар бүрийн тэргүүлэх эрдэмтдийн нэгдэл, нийгмийн оюун санааны ноён оргил болсон академичдын багт нэгдэх хүртлээ ямар зам туулж, бүтээж ирэв.

Тэрбээр зөвхөн судалгаа хийж, цаас шагайж суудаггүй гэдгийг ШУА-ийнхан мэддэг юм байна. Хөл бөмбөгийн ногоон талбайд авхаалж, хурд сорьж, гитар тоглон монгол, орос, англи, францаар дуулж найз нөхдөө баяр баяслаар дайлах дуртай аж. Саяхан цол хүртэхэд нь төрийн томоохон нэгэн зүтгэлтэн “За, тэгээд академич болчихоод гитар бариад дуулаад байв” гэхэд нь “Дуулах дур сонирхол мөнхийн мөн чанар. Би өөрөөр байж чадахгүй ээ” гэж хариулсан гэх. Үнэндээ ч эрдмийн цол зэрэг нэмэх тусам хувь хүний дотоод үнэн улам тодорно уу гэхээс, балардаггүй бололтой.

Бид ийн хөөрөлдсөн юм.   

 

-Та хэрэглээний математикч юм билээ. Яагаад ийм мэргэжил сонгосон бэ. Оюутан ахуй үеэ дурсах уу?

-Ер нь “математикийн авьяас” байгалиас заяасан байдаг болов уу. Би 1968 онд нийслэлийн арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн нэгдүгээр ангид орсон юм. Манай сургууль математикийн тусгай сургалттай ангитай гэдгээр онцлог. Улс даяар шалгалт явуулж, сайн хүүхдүүдийг шигшиж авдаг байсан. Долдугаар анги хүртлээ сурахдаа дээд, математикийн сургалттай ангийн ах, эгч нарыг харж, тэдэн шиг мундаг болох юмсан гэж боддог байсан юм. 1975 онд өнөөх хүсэж байсан ангидаа элсэхээр нийслэлийн сургуулиуд, зарим аймгаас ч ирсэн хүүхдүүдтэй хамт шалгалт өгч тэнцээд орсон доо. Онц сурдаг, эвлэлийн үүрийн сонгуульт ажилтай, нэлээд хөдөлгөөнтэй, спорт тоглоомд дуртай сурагч байлаа. Аравдугаар ангиа төгсөөд олон улсын математикийн XX олимпиадад улсаа төлөөлж оролцсон. Гайгүй ч амжилт үзүүлсэн.  Математикийн тусгай сургалттай ангид орсноор тоо, физикт дурлах суурь тавигдсан юм.

1978-1983 онд ЗХУ-ын Иркутск хотын Улсын их сургуульд хэрэглээний математикч мэргэжлээр суралцаж төгссөн. Оюутан байхдаа бие биеэ олж авсан монгол, орос андууд одоо болтол холбоотой байдаг. Ангидаа нэг ширээнд хамт сууж байсан найз И.Бычков маань ОХУ-ын ШУА-ийн академич болсон. Иркутскийн шинжлэх ухааны төвийн тэргүүн, Их сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгчийн ажил эрхэлж байгаа. Бид их сургууль төгссөнөөс хойш бие биеэ дэмжиж, эрдэм шинжилгээний ажил хамт хийж ирлээ. Тэгсээр байгаад шинжлэх ухаанд бүр дурласан. Энэ дур хүсэл бидний хэн хэний маань насан туршийн зүтгэл болжээ.

-Ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Эрхүүд төгсөж ирээд ШУА-ийн Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан болсон. Тэр үед ажлыг багаас нь эхэлж хийдэг, шат дараалсан зарчимтай байлаа. Сургууль төгссөн залуус туслах, дадлагажигч, дэд ажилтан байгаад дараа нь шалгалтаа давж чадвал аспирантурт явна, эрдмийн цол хамгаалаад ирвэл эрдэм шинжилгээний ахлах ажилтан болно. Лаборатори удирдана. Эрдэмтэн нарийн бичгийн дарга, улмаар захирал болтлоо дэвшиж ажиллах боломж нээлттэй байдаг байв. Өнөөдрийн энэ нийгэмд ч гэсэн уг зарчмаа алдаагүй. Алдах боломж ч байхгүй. Би их сургууль төгсөж ирээд яг энэ зарчмаар, бүхий л шат дамжлагаар өгсөж ирсэн. Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар гурван жил ажиллаад 1989 онд  аспирантурт, Москва хотын ШУА-ийн Тооцоолон бодох төвд очсон. Бусдын адил өөрчлөн байгуулалтын шуурганд туугдаж нэг, сөрж нэг явсан ч судалгааны ажлаа орхиогүй. 1997 онд хойноос ирээд энэ байгууллагадаа ажилд орсон, одоо хүртэл байж л байна.

-Олон жил болжээ. Таныг юу ингэтэл татав?

-Намайг ирэхэд Одон орон, геофизикийн судалгааны төв байсан юм. Захирал нь доктор Б.Бэхтөр гуай.  Тухайн үед судалгааны төвийн ажлыг өргөжүүлэхээр далайцтай ажлууд эхлүүлэх гэж байлаа. Захирал идэвхтэй, найдаж болохоор орлогч хайж байх үед нь би таарсан юм билээ. Үнэнийг хэлэхэд тухайн үед төвийн ажлыг эмхэлж цэгцэлж өгөөд, өөрийн замналаар цааш явна гэсэн бодолтой байсан ч, тэр далайцтай ажлын давалгаа намайг нөмрөөд авсан юм. Нэг мэдэхэд ажилдаа бүхий л анхаарлаа төвларүүлээд орсон байсан. Тэгэхээр миний ажил, амьдралын сүүлийн 20 жилийн алдаа, оноо, амжилт, уналт ч тэр чигээрээ Одон орон, геофизикийн судалгааны төв, улмаар хүрээлэнгийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Өмнөх захирлуудын санаачилж, хийж хэрэгжүүлсэн ажлуудад дэм болж явлаа. Өөрөө ч нэлээд зүйл санаачилж, гардаж хийсэн. Хүрээлэнгийнхээ захирлаар 2015 оноос ажиллаж байна. Өмнө нь орлогч, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалд олон жил ажилласан.

-Танайхыг ШУА-ийн хамгийн том хүрээлэн, “спортлог” залуус олонтой гэж байна лээ. Нийт хэдэн ажилтантай юм бэ?

-Хүрээлэн даяар, өөрөөр хэлбэл орон нутагт ажилладаг хүмүүсээ оролцуулаад 200-гаад ажилтантай. Манайх үнэхээр ШУА-ийн хүрээлэнгүүд дунд спортоор тэргүүлэгч. Бас их хамт олонч. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдүүлэхийн төлөө нэлээд ажилласан. Одоо манайхны дунд орон сууцгүй, унаа машингүй хүн байхгүй. Намайг энд ажилд орж байх үед буюу 1998 онд байдал хүнд байсан. Нийгэм даяараа бараан байсан даа. Ажлын байрандаа архиддаг байв. Төвийн удирдах ажилтан болсноор хамгийн түрүүн архидан согтуурахтай тэмцэх зорилт тавиад, жилийн дараа гэхэд үр дүнг нь үзсэн. Бусдад өөрөө үлгэрлэхээс ажлаа эхэлж байлаа. Би 1998 оноос хойш архи огт амсаагүй. Шар айраг ч тэр. Айраг бол харин маш багаар ууна аа. Согтууруулах ундаа хэрэглэхгүй амьдралын хэв маяг, зарчмыг сонгосон. Удирдлагууд нь манлайлаад ирэхээр хамт олон өөрчлөгддөг юм билээ. Бүх алба хэлтсийн ажил дээрээс доошоо цэгцэрч ирсэн. Ажлын байр цэвэрхэн, цэмцгэр болоод ирэхээр хүмүүс аяндаа биеэ татдаг юм байна. Зорилго нь ч өөр, тодорхой болоод ирж байсан. Гадаадын төслүүд хэрэгжүүлж эхэлснээр ажил дороосоо ундарч байдаг боллоо. 

-Академич цол хүрттэл маш урт зам туулдаг байх. Энэ цолыг хэрхэн олгодог юм бэ. Үйл явц яаж өрнөдөг юм бол. Хэн нэгнээс асууж байсангүй.

-Би 2017 онд геологи, минерологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Судалгааны арга зүйг харвал хэдийгээр судлагдахуун маань газар хөдлөлийн процесс ч гэлээ физик загварчлал, томьёо, математик аргуудыг түлхүү хэрэглэсэн байдаг. Боловсролын мэргэшсэн доктор гэдэг давуу тал байлаа. Газар хөдлөлтийн мэдээллийг боловсруулаад гаргаж авч байгаа үр дүн газар зүйн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахуйц байсан. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалчихлаа. Генерал болохыг мөрөөддөггүй цэрэг байдаггүйтэй адил, эрдэм шинжилгээний ажилтны хүрч болох хамгийн дээд эрхэм цол хэргэм академичийн тухай боддог юм билээ. Академичдийн бүлэг гэдэг юм уу, нийгэмлэг рүү орох хаалгаа шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалаад нээчихсэн болохоор бас боломжийн санагдаж байгаа юм. Харин тэр хаалгаар орох, үгүйг Монгол Улсын бүхий л салбарын тэргүүлэх эрдэмтэд болсон академичид Их чуулганаараа хийсэн бүтээл, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлээд, хэлэлцээд нууц санал хураалтаар шийднэ. Эрдэмтдийн 75 хувийн саналыг авна гэдэг амаргүй юм билээ. Тэр олон академичийн итгэл үнэмшлээр академич болно гэдэг эрхийг олж авдаг. Тэр эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилдаг юм билээ. Нэгэн ахмад академич хэлсэн л дээ. “Залуудаа 40 гаруйхан насандаа академич болсон хүн олон байдаг. Гэхдээ энэ их хэцүү зам. Нэр хүндийг дагах хариуцлага чухал. Академич Дэмбэрэл гэж дуудуулах сайхан боловч, түүний нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага асар өндөр юм. Доктор, профессор болон академич цол хоёрын хооронд ялгаа бий. Энэ хэргэмийг нэр хүндтэй авч явахын төлөө ажил үйлсээ улам сайжруулаарай. Шинжлэх ухаан гэдэг үйл хэргийн төлөө сэтгэл зүрхээ нэгэнт зориулаад явж байгаагийнх цаашид улам хичээх хэрэгтэй. Нийгмийн амьдралыг улам сайн болгохын төлөө ихийг бүтээх хэрэгтэй болно. Энэ бол чиний үүрэг” гэж хэлсэн. Би ойлгож хүлээж авсан. Хичээх болно оо.

-Эрдэм шинжилгээний туслах ажилтнаас академич болтлоо албан тушаалаар өгсөхдөө чухам юунд хүрэх гэж тэмүүлж байв?

 -Саяхан манай хүрээлэнд нэг залуу ажилтан орж ирсэн юм. Удахгүй гадаад явна, эхлээд магистрантурт, дараа нь докторантурт суралцана гэсэн. Бид ямар чиглэлээр суралцах талаар санал бодоо солилцлоо л доо. Тэгсэн нөгөө залуу маань “Захирал аа, би одоо болтол өөрийгөө гүйцэд олоогүй байна. Яг яах гэж, юуны төлөө, хаашаа явах вэ гэдгээ мэдэхгүй байна. Өөрийгөө сайн мэдрэхгүй байна” гэв. Түүнтэй адил асуултуудыг оюутнууд тавьдаг. Залуу байхад түгээмэл тохиолддог асуудал. Залуу хүн ажил хийгээд яваад байгаа мэт байдаг боловч өөрийгөө бүрэн төгс олоогүй байдаг. Тамирчин хүн бол ойлгомжтой. Тухайн спортоороо бие, бэлтгэлээ сайн хангаад улсын аварга шалгаруулах тэмцээнд эхэлж амжилт гаргаад, дараа нь бүс, тив, дэлхийд түрүүлэхийн төлөө зүтгэдэг. Оргил хүсэл мөрөөдөл нь олимпийн аварга болох. Олимпийн аварга болчихлоо, тэгээд дараа нь яах вэ гэдэг бас асуулт. Залуу үеэ сургаж хүмүүжүүлээд явдлаг уламжлал бий л дээ. Гэхдээ л ихэнхдээ өөрийгөө олох, таних гэдэг гэдэг дээр очоод унах нь элбэг. Миний хувьд бол шинэлжх ухаанд дуртай болохоор энэ шугамаараа явсан. Мэдээж амьдрах гэж ажилласан, явсан. Гэхдээ хүн гэдэг амьтан үргэлж өөдөө явж байдаг. Шат ахиж байдаг. Их, дээд сургуульд ажиллаж байгаа бол багш байснаа удалгүй тэнхим хариуцаад явдаг. Дээшээ л явж байгаа нь тэр. Мэргэжлийн түвшин ахиулах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хүн тавьсан зорилгодоо хүрэх гэж байдаг. Би түрүүн хэлсэн, Олон орон, геофизикийн судалгааны төв гэдэг байгууллагад ажилд ороод байтал ажлын давалгаа тэр чигээр минь нөмөрсөн гэж. Би давалгаанд автсан. Өөрийн минь мөн чанар аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийх гэж оролддог. Хийх гэж зүтгэсэн л бол бүхнийг мартаад орж явчихдаг. Хэтэрхий туйлширдаг гэхэд хаашаа юм, гэхдээ л бүхнээ зориулж зүтгэдэг. Болох, болхгүйг давж гарах сэтгэлийн тэнхээтэй байх чухал. Хүн унаж болно. Гэхдээ унаад босох л хамгийн чухал байдаг. Саад тотгор учрахад шантарч болохгүй. Тэмцэх л болно. Би найман жилийн өмнө тамхийг хаясан юм. Архи амандаа хийхгүй 21 жил болж байна. Болдог юм байна. Тамхи татахгүй байх нь архи уухгүй байхаас хэцүү юм билээ. Яагаад гэхээр хүн тамхийг өдөрт маш олноор татдаг учраас хэтэрхий дасал болсон байдаг юм билээ. Тийм зүйлийг мартах, хаях хэцүү байсан ч тэвчсэн. Өдөрт 40 янжуур татаж байсан болохоор бүр зүүдэлж байсан шүү дээ. Тамхи татахад утаа нь уушгинд хүрч очихыг мэдэрдэг тэр мэдрэмжийг нойрондоо аваад. Өглөө нь босоод гайхсан. Шөнө босоод татчихсан юм байх даа гэж хүртэл бодож байлаа. Тэр бүхнийг даван туулсан болохоор тодорхой хэмжээний сэтгэлийн тэнхээ байдаг юм байна гэж бодсон. Зарим хүн надад “Тэртэй, тэргүй үхэхээс хойш татаж байгаад явсан нь дээр, яах гэж тэгж өөрийгөө хүчилж байх гэж” хэлж байсан л даа. Тэгэхэд нь би “Хэрвээ бурхан гэж байдаг бол, үхэхийн цагт түүнд хэлэх үгтэй баймаар байна. Би амьдралын нугачаанд сөхөрч унаагүй, даваад гарсан гэж хэлэхийг хүсэж байна” гэсэн. Оюутнууддаа, ер нь хүмүүст “Амьдралын хамгийн том дайсан бол архи” гэж хэлдэг. Монголчууд бүгд архи уухаа больчихвол бүх хүний амьдрал дээшилнэ, улс орноороо сэхнэ. Үүнийг миний амьдралын замнал харуулдаг.

-Танай байгууллагын ч гэсэн замнал харуулдаг байх нь.

-Тийм. Өнөөдрийн цэвэрхэн, эмх цэгцтэй байгаа байдал, ажилтай, үйлстэй байгаа маань бид муу зуршлуудыг халсных. Зарим нь “Зөв зохистой хэрэглэвэл болно шүү дээ” гэдэг. Хэрвээ  манайхан архийг зөв зохистой хэрэглэдэг байсан бол өдийд хэдийнэ хөгжсөн байх байсан. Архидалт бол зөвхөн Монгол Улсын асуудал биш, олон улс орон тэмцээд иргэдээ архинаас холдуулж чадахгүй байна. Энэ бол хүний нийгмийн асуудал. Үүгээр түрээ барьж архи уудгаа зөвтгөх хэрэггүй юм. Аливаа муу зуршлыг халахын төлөөх тэмцэл, зорьсондоо хүрэх сэтгэлийн тэнхээтэй байх эсэх л бүхнийг шийднэ.  

-Академичтай архины тухай ярьсаар өндөрлүүлэх нь. Одон орон судлал, газар хөдлөлийн мужлалын тухай гээд асуух зүйл их байлаа. Гэхдээ үлгэр жишээ болсон ийм хүнээс амьдралын үнэтэй зөвлөгөө авлаа.

-Аль ч салбарт амжилтаа үнэлүүлж, шагнал авч, цол хэргэм хүртэж байгаа хүмүүс байна. Мэдээж сайхан. Нийгэмд тулгамдаад байгаа хурц асуудлуудын талаар нээлттэй, илэн далангүй төлийлөн ярихгүй байна. Айл гэр, албан байгууллага бүр хөгжилд саад болж буй му у зуршлуудыг халж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлээсэй гэж хүссэндээ ярилаа. Энэ ч гэсэн академичдын үүрэг гэж бодож байна. Би нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Академич цол хүртсэн маань манай ажилсаг, эвтэй хамт олны, эрдэмтэй, чадалтай залуусын хүч, үе үеийн удирдлага, захирлуудын надад итгэж, ажил даатгаж, хариуцуулж ирсний үр дүн юм.   

                                                                                                                                                                  Р.Оюунжаргал

                                                                                                                                            (“Өнөөдөр” сонины 2019.3.19-ний дугаарт)

      

 


Бусад мэдээлэл