Академич Ж.Тэмүүжингийн “Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ” бүтээл хэвлэгдэн гарлаа. Номын зохиогчоор академич Ж.Тэмүүжин, редактороор МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Ж.Даваасамбуу, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, ЭШТА С.Энхтуул нар ажиллажээ.
Тус бүтээлд эрчим хүчний хямд эх үүсвэр болох Монгол улсын төвийн бүсийн дулааны цахилгаан станцын хаягдал үнсний шинж чанар, хими, эрдэс зүй, ширхэглэл, цацраг идэвхийн судалгааны үр дүнг нэгтгэн харуулсан байна. Мөн дулааны цахилгаан станцын үнсийг ашиглах боломжийн талаар өөрийн оронд болон гадаад улсуудад хийгдсэн судалгааг тоймлон оруулснаараа онцлог юм.
Энэхүү номонд Улаанбаатарын гэр хороололд хамгийн ихээр ашиглагдан, улмаар их хэмжээгээр хаягдан хотын агаар, хөрсний бохирдлын шалтгааны нэг болдог Багануур, Налайх болон Алаг толгойн нүүрсний үнсний шинж чанарыг ашиглаж буй зуухны төрөлтэй уялдуулан судлаж ашиглах боломжит хувилбарыг мөн санал болгожээ.
Тус бүтээлийг ШУА-ийн грант төслийн хүрээнд хэвлүүлэн гаргасан бөгөөд шинэ материалын нийлэгжүүлэлт, барилгын материалын судалгаа, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн хаягдал боловсруулалтыг сонирхдог судлаач эрдэмтэд, мэргэжилтнүүд, багш нар, оюутан болон энэ чиглэлийн судалгаа, үйлдвэрлэлийг сонирхдог хүмүүс мэдээлэл авах, судалгаа, туршилтын ажилдаа хэрэглэгдэхүүн болгон ашиглах бүрэн боломжтой юм.