Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААР ЧУУЛЖ БАЙНА
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААР ЧУУЛЖ БАЙНА

“Хөрш орнуудын тогтвортой хөгжил, үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт арвангуравдахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 8 дугаар сарын 14-ний өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд эхэллээ. Хурлыг нээж БСШУС-ын Сайд, академич Г.Чулуунбаатар үг хэлсэн юм. Үүний дараа ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хуралд оролцогчдод амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав.

Тэрээр, “Аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь бөгөөд баталгаа нь түүний шинжлэх ухаан, технологийн үндэсний чадавх болоод байгааг 20 дугаар зууны сүүл, 21 дүгээр зууны эхний он жилүүдийн үйл явцууд улам бүр тодорхой харуулсаар байна. Ийм учраас манай гаригийн хөгжингүй орнууд, хөгжиж буй орнуудыг тэргүүлэгч орнууд шинжлэх ухаан, технологийн чадавхаа бэхжүүлж, нөөцүүдээ нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд онцгой анхаарч, ихээхэн идэвх зүтгэл, санаачлага өрнүүлсээр байна. Өнгөрсөн хугацаанд тодорхой, томоохон үр дүнгүүд бий болж, сайн туршлага хуримтлагдсаар байна. Тэдгээрийг задлан шинжлэх, сурталчлан түгээх, бодлого, үйл ажиллагаандаа авч хэрэглэх чиглэлээр ч улс орнууд идэвхтэй ажилласаар байна.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс санаачлан “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц”–ыг олон талаас нь судлан шинжлэхийг хичээсэн оролдлогын үр дүнд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаа тогтмолжиж, оролцогчдын хүрээ тэлж, гурван улсын эрдэмтэн, судлаачдын анхаарлын төвд хэдийнэ байр сууриа эзэлжээ. Мөнхийн хөрш гурван улсын тогтвортой хөгжлийн үйл явцыг өргөн хүрээнд хэлэлцэн шинжилж, шийвэрлэвэл зохих гарц, гаргалгааг санал болгож, дүгнэн хэлэлцдэгт энэ хурлын гол ач холбогдол оршиж байгаа билээ. Мөн нөгөөтэйгүүр эрдэмтэн, судлаачид харилцан мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, шинжлэх ухааны судалгааны арга зүйгээ дээшлүүлэх зэрэг таатай орчныг бүрдүүлж байна.

Гурван улсын нийгмийн шинжлэх ухааны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, эрдэмтэн, судлаачдын чадавхийг сайжруулахад энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохих хувь нэмрийг оруулж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тус хуралд оролцох хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн эрдэмтэн, сулдаачдын эгнээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаад Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн хувьд баяртай байна” хэмээв.

Хөрш гурван улсын анхны эрдэм шинжилгээний бага хурал 2004 онд “Хөгжиж буй орнууд дахь нийгмийн трансформаци” сэдвийн хүрээнд зохиогдож байсан бол дараагийн хурлууд нь “Төв болон Зүүн өмнөд Азийн улс орнууд дахь “нээлттэй нийгэм”-ийн төлөвшил ба аялал жуулчлал”, “Хөгжиж буй улс орнуудын ардчилал: туршлага, асуудал, хэтийн төлөв” (2006); “Хөгжиж буй улс орнууд дахь даяарчлал ба нийгмийн өөрчлөлт” (2007); “Хөгжиж буй улс орнууд дахь олон улсын харилцаа” (2008); “Хөгжиж буй улс орнууд дахь нийгмийн тулгамдсан асуудал” (2013 );  “Хүн төрөлхтөний соёл иргэншил ба байгалийн шинжлэх ухаан” (2015) сэдвээр тус тус зохиогдож байжээ. Харин энэ 13 дахь удаагийн бага хурал “Хөрш орнуудын тогтвортой хөгжил, үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Хуралд Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллага, Их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, Буриадын Их сургууль, БНХАУ-ын Нефтийн Их сургуулийг төлөөлсөн судлаачид оролцож байгаа нь өмнөх хурлуудаас хамгийн олон оролцогчидтой хурал болж байгаагаараа онцлог юм.

Хуралд “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц ба соёлын асуудал”; “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц ба нийгмийн хандлага”; “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: буддизм ба философийн асуудал, хандлага”; “Тогтвортой хөгжлийн үйл явц дахь хөрш орнуудын хүн амын шилжилт хөдөлгөөн ба нийгмийн төлөв хандлага” гэсэн үндсэн чиглэлээр хуралд оролцогч гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тус хурлын үндсэн илтгэлүүдийг ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд  судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В. Базаров “Байгаль нуурыг хамгаалах, Байгаль орчмын бүс нутгийг хөгжүүлэхэд тулгарч буй нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлууд”;  БНХАУ-ын Цөөн тоот үндэстний Философийн нийгэмлэгийн  дэд ерөнхийлөгч, Нефтийн Их сургуулийн доктор (Sc.D),профессор Цогжилт “Марксизмын гол зарчмууд: түүхэн үйл явцыг тодорхойлогчид бодит амьдралын бүтээмжийг бий болгох нь”; Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал доктор (Sc.D) Ш.Ариунаа “В.Гумбольдын харьцуулсан антропологийн судалгаа” сэдвээр тус  тус илтгэл хэлэлцүүлж байна. 

Тус хурлын зорилго нь Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын жишээн дээр тогтвортой хөгжлийн үйл явц, нийгэм, соёл, боловсролын өөрчлөлтийн өнөөгийн байдал болон тогтвортой хөгжлийн цаашдын хандлага, нөлөөлж буй хүчин зүйлийн асуудлыг голлон авч үзэж, эрдэмтэн судлаачдын дунд судалгааны ажлын үр дүн, шинэ сонирхолтой мэдээ мэдээлэл солилцох, хуралд оролцогчдын санаа бодлыг сонсож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн асуудлын гарц шийдлийг олоход оршиж байна.

Хурал 8 дугаар сарын 15-ны өдөр “Континентал” зочид буудлын хурлын танхимд үргэлжилнэ.



Бусад мэдээлэл