Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“НИЙТИЙН ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
“НИЙТИЙН ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛД ХЭВЛЭЛ  МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ” СЭДЭВТ ЭРДЭМ  ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

НҮБ-ын БСШУ-ны байгууллагын ивээл дор жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус өдрийн хүрээнд Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбар, Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран “НИЙТИЙН ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлыг Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Самбуудорж удирдсан юм. Хурлаар О.Шинэбаяр (ХЗХ, Ph.D), Б.Золжаргал (ХЗХ, Ph.D) нар “Хэвлэл мэдээллийн харь үгийн хэрэглээ”, Д.Батжаргал (МУИС, ШУС, Утга зохиол-урлаг судлалын тэнхим, Ph.D) “Сэтгүүлзүйн бүтээлийн хэл найруулгын асуудалд: До.Цэнджавын бүтээлийн жишээн дээр”, М.Ганхүү (МХХ, “Сэтгүүлч” Дээд сургуулийн сэтгүүлзүйн тэнхим) “Өдөр тутмын сонин хэвлэлийн хэл найруулгын асуудалд”, Д.Боролзой (ХЗХ), С.Энхжаргал (ХЗХ, Ph.D) нар “Эх хэл: Цахим хэвлэл ба нийгмийн сүлжээний онцлог”, Т.Өнөрсайхан (МУИС, НШУС, Сэтгүүлзүй - олон нийттэй харилцах тэнхим) “Телевизийн мэдээллийн хөтөлбөрийн хэл найруулгад хийсэн ажиглалт”, Ж.Ганбаатар (ХЗХ) “Хэвлэл мэдээллийн хэлзүйн найруулгын үүрэг, ач холбогдол”, Н.Мөнхцэцэг (ХЗХ, Ph.D) “Хэвлэл мэдээллийн нийгэм–улс төрийн нэр томьёоны хэрэглээ”, О.Самбуудорж (ХЗХ, Ph.D) “Мэдээллийн хэрэгслийн зөв дуудахуй ба зөв бичих үүрэг”, Ц.Батдорж (ХЗХ, Ph.D), Т.Пүрэвсүрэн (ХЗХ, Ph.D) нарын “Телевизийн хэлэнд хийсэн найруулгын ажиглалт” зэрэг илтгэлүүд хэлэлцүүллээ.

Хурлын төгсгөлд оролцогчид илтгэлүүдтэй холбогдуулан зөвлөмж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэргүй, МУИС-ийн багш, доктор (Ph.D) Д.Батжаргал, Боловсролын хүрээлэнгийн ЭША, доктор (Ph.D) Д.Баттогтох, “Зугаатай хэл шинжлэл” фэйсбүүк бүлгэмийн зохицуулагч, “Чигчир” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Ариунтуяа, МУБИС-ийн багш, доктор Д.Соронзон, ХЗХ-ийн ЭША доктор (Ph.D) О.Шинэбаяр нар санал оруулж, үг хэлэв. Улмаар хуралд оролцогчдоос дараах зөвлөмжийг гаргасныг та бүхэнд хүргэж байна.



“НИЙТИЙН ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОГЧДООС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ


2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр                                         Улаанбаатар хот


 

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага хүн төрөлхтөний хэл, соёлын өвөрмөц онцлог, олон хэлийг дэмжих зорилгоор 1999 оны 11 сарын 17-ны өдөр жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг “Олон Улсын эх хэлний өдөр” болгон тэмдэглэж байхаар зарласан билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын Хэвлэлийн хүрээлэн хамтран “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Монгол хэл нь монгол үндэстний бэлгэ тэмдэг, соёлын өв, оршихуйн баталгаа билээ. Энэхүү бэлгэ тэмдэг, соёлын өв, оршихуйн баталгааг хамгаалах, уламжлуулах, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр үгийг буруу бичих, найруулах, харь үгээр чамирхах байдал хавтгайрах боллоо. Иймд тус хуралд оролцогчид хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч Та бүхэндээ дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн гэх яриа ташаа ойлголт бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид Ц.Дамдинсүрэнгийн боловсруулсан монгол хэлний зөв бичих дүрмийг баримтлан бичиж байх;

2. Монгол хэлнийхээ үгийн сангийн баялгаас цаг ямагт суралцаж, зөв яруу  найруулгаар бичиж, ярьж байх;

3. Цахим сүлжээгээр мэдээлэл түгээж буй албан ёсны сайтууд бичгийн хэлний хэм хэмжээг дагаж баримталж байх;

4. Нэгэнт оноосон нэр томьёог даган баримталж, шинээр орж ирж буй харь хэлний үг, хэллэгийг аль болох эх хэлнийхээ үг, хэллэгээр зөв оноон нэрлэж, бичиж байх;

5. Сургалт, судалгаа шинжилгээ, эх хэлний боловсролд ашиглах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийн үг, хэллэгийн цахим сан үүсгэх;

6. “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн хэлтэй холбоотой заалтууд болон “Монгол хэлний тухай хууль” –ийг дагаж мөрдөж байх;

7. Аливаа зүйлийг шинжлэх ухааны үндэстэй, судалгаатай бичиж, ард түмнээ соён гэгээрүүлэхэд үргэлж түүчээ болж байх;


Хуралд оролцогчид



Бусад мэдээлэл