Унаган байгаль, нүүдэлчин ахуй, ёс заншил, эртний түүхт манай оронд зочлон ирж буй гадаад, дотоодын жуулчдын тоо сүүлийн үед нэмэгдэж байна. Монгол орны онгон дагшин байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын баазууд нь ногоон эдийн засгийг хөгжүүлэх нэг боломж юм.
Эко-туризм чиглэлрүү хандаж байгаа өнөөгийн аялал жуулчлалын үзэл баримтлалд нийцүүлэн, усан хангамж, бие засах газрыг экологид ээлтэй байдлаар шийдвэрлэж цэцэрлэг, ногоон байгууламжийг байгуулж жуулчдын аялах, амрах тав тухтай орчинг бүрдүүлэн, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь жуулчны баазуудын нэг зорилт билээ. Энэ зорилтод хүрэх нэг арга зам нь байгаль орчинд ээлтэй, химийн бус, микробиологийн дэвшилтэт ЕМ технологийг жуулчны баазуудад нэвтрүүлэх явдал юм.
Тиймээс ССАЖЯ-ны харъяа Аялал Жуулчлалын Үндэсний Төв, ШУА-ийн Технологийн Инкубатор төв хамтран, аялал жуулчлалын салбарт дэвшилтэт ЕМ технологийг нэвтрүүлэх зорилгоор “Жуулчны баазуудын ногоон байгууламж, экологийг сайжруулах, жуулчдын амрах, аялах тав тухтай, эрүүл орчинг бүрдүүлэх асуудал” сэдэвт сургалт-хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав.
Сургалт-хэлэлцүүлгийн зорилго нь жуулчны баазуудын экологийн нөхцөл, жуулчдын аялах амрах орчинг сайжруулах зорилгоор аялал жуулчлалын салбарт гадаадад хэрэглэгдэж, Технологийн Инкубаторт үйлдвэрлэж байгаа ашиг тустай, эерэг бичил биетний ЕМ технологийн бүтээгдэхүүнүүдийг жуулчны баазуудад хэрэглэн, ногоон байгууламж байгуулах, 00 болон бохирын цооногийг цэвэршүүлэх, улмаар ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл, ая тухтай орчинг бүрдүүлэхэд оршиж байлаа.
Сургалт-хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн Технологийн Инкубаторын захирал “Жуулчны баазын ногоон байгууламж, экологийг сайжруулах, жуулчдын амрах, аялах эрүүл орчинг бүрдүүлэх” сэдвээр, Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Н.Цогтбаатар “Байгаль орчинд ээлтэй хөөсөн технологи, цэвэрлэх байгууламжтай био жорлонгийн талаар танилцуулга” сэдвээр, ШУА-ийн Физик Технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Сайнболд “Нарны халаалтын технологийг жуулчны баазад хэрэглэх нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Сургалт-хэлэлцүүлэгт ШУА-ийн Технологийн Инкубаторын захирал Ч.Батсүх, ССАЖЯ-ны харъяа Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Н.Цогтбаатар, Туул голын сав газрын захиргааны ус ашиглалтыг зохицуулах албаны дарга Ц.Бажий, эрдэмтэн судлаачид, Аялал жуулчлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутнууд, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Тус хурал нь аялал жуулчлалын таатай орчин нөхцлийг бүрдүүлэх талаар жуулчны баазуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг бий болгох ач холбогдолтой юм.
Хурлын төгсгөлд Технологийн Инкубаторын технологич, мэргэжилтнүүд аялал жуулчлалын салбарт дэвшилтэт ЕМ технологийн эко-бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх талаар сургалт явуулж, зааварчилгаа өгсөнд оролцогчид талархаж, санал зөвлөмж гаргасныг нэгтгэн боловсруулж холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн юм.