ШУА-иас БСШУСЯ, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Ахисан түвшний судалгааны үр дүн” эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн оноос эхлэн зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хуралд БСШУСЯ, ШУТСан, ШУА, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их сургуулийн 40 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов.
Өнөөдөр “Ахисан түвшний судалгааны үр дүн-2017” эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө. Хуралд докторын дараах инновацийн судалгааны тэтгэлэг хүртсэн эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар БСШУС-ын Сайдын нэрэмжит докторын дараах инновацийн судалгааны тэтгэлэг хүртсэн судлаачид судалгааны ажилд нь ямар ахиц дэвшил гарч, ямар үр дүнд хүрснээ тайлагнаж, төсөл хэрэгжүүлж байгаа судлаачдын хувьд судалгааны ажлын явцынхаа талаар мэдээлэл хийв.
БСШУС-ын Сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгддэг чухал ач холбогдолтой юм.
Тус эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Sc.D) Б.Авид үг хэлэв.
“Ахисан түвшний судалгааны үр дүн-2017” эрдэм
шинжилгээний хуралд доктор Ш.Нямдэлгэр “Моно ба биметаллт катализатор гаргаж
авах” , доктор Ж.Янжмаа “Монгол орны усны бохирдлын математик загварчлалын
судалгаа”, ” доктор Г.Сэвжидсүрэн “Эрчим хүчний дэвшилтэт технологид ашиглах
нано материалын судалгаа, доктор П.Баасансүрэн “Монгол хонины ноосны ноолуур
ялгах тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, судалгаа”, доктор П.Эрхэмбулган “Удамшлын
шалтгаант цус гоожих зарим өвчний далд тээгчийг илрүүлэх зарим судалгаа”, доктор
Т.Мөнхтуяа “Сэрэл дамжуулах замын эмгэгийн молекул генетикийн судалгаа”, доктор
Б.Болдбаатар “Рекомбинат плазимд ашиглан галзуу өвчний оношлуур бэлтгэх” зэрэг
сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Мөн доктор С.Мөнхбаяр “Монгол орны зарим амьтан ургамлын
гаралтай олон ханаагүй тосны хүчил агуулсан өөх тост түүхий эдийн үсний
ургалтанд нөлөөлөх нөлөөлөл”, доктор, Д.Өсөхжаргал “Морин шоргоолж (Artemisia
Annul.)-ны абиотик стресс тэсвэрлэх чадварын физиологи, биохими, генетик
механизм”, доктор В.Батбаатар “Бог малын сохор, догол өвчнөөс сэргийлэх рентген
туяагаар идэвхгүйжүүлсэн вакцин”, доктор О.Алтансүх “Монгол орны ус намхархаг
газрын тоон мэдээллийн сан үүсгэх, түүнийг хиймэл дагуулын мэдээгээр таних
технологийн боломж”, доктор Э.Отгонжаргал “Хүнд хортой металл оксианиондыг
шингээх шинэ материалын шинж чанарыг сайжруулах судалгаа”, доктор С.Отгонпүрэв
“Эсийн суспензийн өсгөврийн аргаар амны хөндийн ялзруулагч бактерийн эсрэг
идэвхи өндөртэй ургамлын биомасс гарган авах”, доктор Г.Солонго “Бактерийн
эсрэг үйлчлэлтэй, хүнсний хуванцар сав баглаа боодлын материалын судалгаа”
зэрэг докторын дараах судалгааны төслийн явцын талаар товч мэдээлэл хийв.
Эрдэм шинжилгээний хуралд оролцогчид шинжлэх ухааны шинэхэн мэдээллээс хуваалцаж, оюуны хөрөнгө оруулалт хийж, цаашид эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид тодорхой сэдвээр дотоод, гадаадад хамтран ажиллах гарц хайх зэрэг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Хэлэлцүүлсэн илтгэлүүд нь улс оронд
тулгамдаж буй олон асуудлыг оновчтой шийдэх боломжийг бүрдүүлж байгаагаараа
чухал байлаа.
Үүнээс гадна хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд нь манай улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд шаардлагатай хөдөлшгүй нотолгоог бий болгохын тулд зарим сэдвээр судалгааг өргөжүүлэх хэрэгцээ ч байгааг харууллаа.
Хурлын төгсгөлд хэлэлцсэн асуудлуудаар эрдэмтэд санал, бодлоо солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.