Вэбсайтын цэс
Хэлний сонголт
СУРАГЧИД ШИНЖЛЭХ УХААНЫ ЕРТӨНЦӨӨР АЯЛАВ
СУРАГЧИД ШИНЖЛЭХ УХААНЫ ЕРТӨНЦӨӨР АЯЛАВ

Монгол улсын Шинжлэх ухааны Академиас Нийслэлийн Боловсролын Газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд 4 дэх жилдээ уламжлалт “Эрдмийн аян” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. “Эрдмийн аян” хөтөлбөрийн хүрээнд  өнөөдөр нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал хийлээ.   

Энэ удаагийн аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургууль, 5-р дунд сургууль, “Хобби” сургууль болон “Сэтгэмж” цогцолбор сургуулийн нийт 120 орчим сурагчид хуваарийн дагуу хамрагдсан юм.

Дээрх аялалын үеэр ШУА-ийн Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтэсийн дарга С.Баяннасан “Удахгүй болох шинжлэх ухааны ажилтны өдрөөр ШУА-ийн хүрээлэнгүүд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Энэ үеэр сурагчдыг хүрэлцэн ирж эрдэмтдийн судалгаа шинжилгээний бүтээлтэй танилцаж, шинжлэх ухааны мэдлэгээ өргөжүүлэхийг урьж байна” гэлээ. Мөн энэ үеэр ШУА-иас хүүхэд багачуудад зориулсан гаргадаг шинжлэх ухааны хялбаршуулсан танин мэдэхүйн цуврал номныхоо багцыг сургуулиудын номын санд хандивлалаа.

Шинжлэх ухааны Академийн Палеонтологи, геологийн хүрээлэн 2015 оны 6 дугаар сараас эхлэн Хүннү малл худалдааны төвд “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг.

Харин Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны 6 дугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд маань “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой юм.

 


Бусад мэдээлэл