Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МАЛ ЭМНЭЛЭГ, БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ, ӨНӨӨГИЙН ТҮВШИН” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
“МАЛ ЭМНЭЛЭГ, БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ, ӨНӨӨГИЙН ТҮВШИН” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО

Академич Цэвэгийн Тойвгоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Мал эмнэлэг, биологийн шинжлэх ухааны ололт, өнөөгийн түвшин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Туушин зочид буудалд боллоо.

Хурлыг БСШУСЯ, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

Хурлыг нээж БСШУС-ын Сайдлын зөвлөх, академич Н.Бэгз, ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Авид нар үг хэлэв.

Хурлын эхэнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг “Академич Ц.Тойвгоо” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлсэн бол  АНУ-ын Дюкийн их сургуулийн доктор Амбер Барнэс Дюкийн их сургууль, Мал эмнэлгийн  хүрээлэнгийн хамтын ажиллагааны “Нэг эрүүл мэнд D43” төслийн талаар танилцуулга хийв. Олон улсын хуралд Монголоос  гадна АНУ, Япон, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцож,  шинэ судалгааны үр дүнгээсээ танилцуулсан юм.

Мөн энэ үеэр “Академич Ц.Тойвгоогийн амьдрал замнал” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн үзүүлжээ.

Монгол Улсын Төрийн Соёрхолт Академич Ц.Тойвгоо нь нэр томъёоны цуврал бичиг, ном, товхимол,  өгүүлэл зэрэг 150 гаруй бүтээл нийтлүүлсэн байдаг. Мөн тэрээр "Бог малын төл хүлээн авч бойжуулах тохиромжтой хугацааны шинжлэх ухааны үндэслэл"-ийг боловсруулж нэвтрүүлсэн бөгөөд уг бүтээлээрээ 1990 онд Төрийн Соёрхол хүртэж байв. Улмаар "Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд” нээлт хийж, түүнд 1994 онд Монгол Улсын нээлтийн диплом олгосон байдаг.

 

 


Бусад мэдээлэл