Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛД БСШУС-ЫН САЙД Ц. ЦОГЗОЛМААГИЙН ХЭЛСЭН ҮГ
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛД БСШУС-ЫН САЙД Ц. ЦОГЗОЛМААГИЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачидаа,

 

Та бүхэнд шинжлэх ухааны ажилтны баярын мэндийг  БСШУС яамны нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Монгол улсын Засгийн газар шинжлэх ухаан, технологийн бодлого, зорилгоо дэлхий дахины шинжлэх ухааны ололт амжилтанд нийцүүлэн, амьдралд үр өгөөжтэй инноваци хөгжүүлсэн судалгааны ажлыг дэмжих замаар тэдгээрийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх хүний нөөцийн болон материаллаг баазын чадавхийг шинэ шатанд гаргах гэж тодорхойлоод ажиллаж байна.

 

Энэхүү бодлого, зорилгын хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарыг хөгжүүлэхэд ойрын үед хийж гүйцэтгэх дараах гурван зорилтуудыг дэвшүүлж байна.

 

Үүнд:

 

      1. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын  хууль эрх зүйн баримт бичиг, стандартыг боловсронгуй болгох

 

2.      Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт амжилт гаргаж буй залуу судлаачдыг бүх талаар дэмжиж ажиллах

 

3.      Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтыг нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн тогтолцоог бий болгоход анхаарч ажиллана.

 

Дээр дурьдсан  гурван зорилтын хүрээнд энэ жил юу хийж гүйцэтгэсэнээ ирэх жил юу хийхээр төлөвлөн ажиллаж байгаагаа шинжлэх ухааны ажилтаны баярын энэ хурал дээр эрдэмтэн судлаачид та бүхэндээ танилцуулахаар шийдсэн юм.

 

1.      Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын  хууль эрх зүйн баримт бичиг, стандартыг боловсронгуй болгох зорилт

 

БСШУС-ын сайдын санаачлага, даалгавраар “Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчны шинжилгээ” сэдэвт судалгааг ШУА-ийн Философийн хүрээлэнд төвлөрүүлэн, хууль эрх зүйн эрдэмтэд оролцон хийж гүйцэтгэлээ.  Энэхүү судалгаа нь шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээ, салбарын хууль эрх зүй орчин, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн талаарх экспертүүдийн үнэлгээ, санал, дүгнэлт гэсэн үндсэн хоёр  чиглэлээр хийгдсэн. Мөн тодорхой хуулийн  хэрэгжилт, цаашдын шинэчлэлт, өөрчлөлтийн талаарх судалгааг МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нараар хийлгэж байна. Эдгээр судалгааны ажлууд  нь шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулахад чухал ач холбогдолтой ажил болж буйг энд зориуд тэмдэглэн хэлмээр байна.

 

БСШУС яам эдгээр судалгаанаас гарах дүгнэлт, зөвлөмжийг  үндэслэн Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар  баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж дуусгаад Засгийн газраар батлуулаад байна. Мөн түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Шинжлэх ухааны паркын тухай хуулийг тусд нь боловсруулахаар төлөвлөн  ажиллаж байна.  Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог 2008 - 2015 онд хөгжүүлэх  үндэсний хөтөлбөр шинэчлэх ажлыг эхлээд байна. Төрөөс инновацийн талаар  баримтлах бодлогыг шинээр боловсруулж дуусгаад Засгийн газарт өргөн бариад байна.

 

Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам, Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол улсын засгийн газрын 27–р тогтоол зэрэг хэд хэдэн журам, тогтоолуудыг шинэчлэхээр ажиллаж байна.

 

Дээр дурьдсан хууль эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж батлуулсанаар манай шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын маань ажиллах хууль эрх зүйн орчин улам таатай сайхан болно гэдэгт  сайдын хувьд огтхон ч эргэлзэхгүй байгаа.

 

2.      Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын залуу судлаачдыг дэмжих зорилт

 

Манай орны шинжлэх ухааны салбарт өнөөдрийн байдлаар 1720 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаагаас 1544 нь төсвөөс цалинжин ажиллаж байна. Үлдсэн эрдэм шинжилгээний ажилтанууд нь хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгуулагад ажиллаж байна. Төсвөөс цалинжин ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтануудын 4.3 % нь шинжлэх ухааны докторын, 23.5 % нь боловсролын докторын, 40.7 % нь  магистрын зэрэгтэй судлаачид байна.

 

Сүүлийн жилүүдэд манай судлаачдын эгнээ ихээхэн залуужиж 40 хүртэлх насны судлаачдын тоо 985 болж нийт эрдэм шинжилгээний ажилтнуудын 63.8 % эзэлж байна. Манай судлаачид ийнхүү залуужиж, дундаж нас 33 болсон байгаа нь бахархам сайхан үзүүлэлт хэдий ч эрдэм шинжилгээний ажилтаны хувьд хэтэрхий залуу нас. Ийм учраас төрөөс залуу судлаачдынхаа мэргэжил, мэдлэг чадварыг дээшлүүлж “эрийн цээнд” хүрсэн эрдэмтэн мэргэд болгох асуудлыг онцгойлон анхаарах цаг нь болсон учраас гэдэгтэй би санал нэг байдаг юм. Залуу судлаачдыг дэмжсэн төрийн уламжлалт бодлогыг цаашид улам эрчимжүүлж үргэлжлүүлэх ёстой. Ажлаа авсаны дараахан надад манай улсын шилдэг  залуу судлаачид хуран чуулж өөрсдийн судалгааны үр дүн, ололт амжилтаа хуваалцдаг  “Хүрэлтогоотын семинар” хэмээх залуу эрдэмтдийн холбоо зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хуралд оролцож үг хэлж санаа бодлоо хуваалцах боломж олдсон билээ. Залуу судлаачдын илтгэлүүдээс харахад ирээдүйн Монголын эрдэмтэдийн сайхан дүр төрх тодрон харагдаж надад аяатайхан сэтгэгдэл, итгэл төрүүлсэнийг хэлье. Шинжлэх ухаан урьд хожид байгаагүйгээр өргөжин тэлж салбарлаж байгаа энэ үед Хүрэлтогоотын эрдэм шинжилгээний хурлыг өргөжүүлэн 6  салбар хуралдааныг 7 болгон, шинээр бизнес инновацийн салбар хуралдаан  нэмж 2 залуу судлаачид тус бүрт нь 4 сая төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэр гаргаад байгаагаа та бүхэндээ дуулгахад таатай  байна.

 

Энд би залуу судлаачдад зориулан энэ 2017 оноос зохион байгуулж байгаа нэг ажлыг танилцуулья. Салбарын хүний нөөцийг чадавхижуулах, залуу судлаачдыг мэргэшүүлэх семинарыг 18 эрдэм шинжилгээний хүрээлэн, төвөөс нэг нэг залуу судлаачийг оролцуулан  анх удаа зохион байгууллаа. Семинарыг цаашид жил бүр зохион байгуулах юм. Энэ жилийн семинар олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллийг англи хэл дээр бичих, судалгааны ажлын үр дүнг боловсруулахад ахисан түвшиний статистик арга зүй эзэмшүүлэх чиглэлээр зохион байгуулагдлаа. Энэ семинарт суусан залуу судлаачид семинараар сурч мэдсэн зүйлээ хүрээлэн, төв дээрээ өөр 20 залуу судлаачдад зааж сургах даалгавартай.  Ингэж бид залуу судлаачдаа чадавхижуулах ажлыг өөрсдийнх нь оролцоотойгоор өрнүүлэх болсоноо хэлье.

 

Магистр, докторын сургалтыг чанаржуулах, залуу судлаачдад гадаадын өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлэх, магистрантур, докторантурт сургах тусгай  бодлого хэрэгжүүлэх замаар томоохон төсөл хөтөлбөр удирдах дэлхийн хэмжээний эрдэмтэдийн тоог нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж энэ чиглэлд доривтой алхамуудыг хийх болно.

 

3.      Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтыг нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлоох зорилт

 

Шинжлэх ухаан, технологийн сангийн шугамаар санхүүжигдэх эрдэм шинжилгээний ажлын зардал болон цалин нь 2017 оны гүйцэтгэлээр 30.8 тэрбум төгрөг байхаар байна. Үүнээс 20.5 тэрбум төгрөгийг тогтмол (цалин, ндш г.м) зардалд, үлдсэн 10.3 тэрбум төгрөгийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Энэ нь өмнөх 2016 оны шинжлэх ухаан, технологийн санхүүжилтээс 1.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.  Өнөөдөр та бүхэнд энэ баярын хурлын хүндэт индэр дээрээс ирэх 2018 оны шинжлэх ухаан, технологийн санхүүжилтыг 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр ирэх оны улсын төсөвт тусгуулснаа дуулгахад баяртай байна.

 

Шинжлэх ухааны санхүүжилтын бүтцийг ч зөв оновчтой болгох асуудал бидний цаашдын зорилт хэвээр байна. Жишээлбэл : Шинжлэх ухааны нийт санхүүжилтийн 20%-г цалинд зарцуулж, 80%-г эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулдаг олон улсын практик байдаг бол манай улсын хувьд эсрэгээрээ 65%-ийг цалин, тогтмол зардалд, үлдсэн 35%-ийг нь эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Энэ байдлыг засан сайжруулах ажлыг ирэх 2018 онд эрдэм шинжилгээний ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалтаар эхлүүлэх болно.

 

Шинжлэх ухаан, технологийн төслийн захиалга, сонгон шалгаруулалт, төслийн явцын мониторинг болон гүйцэтгэлийн тайлангийн хэлэлцүүлгийг  боловсронгуй болгох ажлыг шинэ шатанд гаргана. Энэ ажлын эхлэл болгож хууль эрх зүйн баримт бичгээ боловсронгуй болгох ажлыг эхлүүлээд байна. Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллагуудад шинээр суурь санхүүжилт бий болгож эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх асуудлыг ч судалж байна.

 

Хөрөнгө оруулалтын хувьд энэ 2017 онд 3 тэрбум төгрөг болж өссөн билээ. Сүүлийн жилүүдэд бараг хийгдэж байгаагүй энэ жилийн хөрөнгө оруулалтыг тоног төхөөрөмж авахад 1 тэрбум, шинэ барилга барих ажилд 1 тэрбум, барилгын засварт 1 тэрбум төгрөг тус тус зарцуулаад байна.  ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн байр, Хими, химийн технологийн хүрээлэн, Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн зэрэг хэд хэдэн хүрээлэнгүүдийн барилга, байгууламжийг засаж сэлбэсэн ажил та бүхэнд мэдрэгдэж байгаа байхаа. Мөн түүнчлэн  энэ жилийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсаны дүнд өнөөдөр манай судалгааны байгуулагууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл нь сайжирсаар байгааг онцлон тэмдэглэе.

 

Энэ жилээс эхлэн Азийн хөгжлийн банкны шугамаар шинжлэх ухаан, технологийн салбарт 2017 оны 8-сарын 25-нд Азийн хөгжлийн банктай байгуулсан “Шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацийн тогтолцоог бэхжүүлэх” тандалт судалгааг хийх хамтын ажиллагааны гэрээг үндэслэн “Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах” TA No.9375-MON техник туслалцааны  төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа сайхан мэдээ дуулгаяа. Энэ төслийн үр дүнг үндэслэн өнөөдөр манай шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломжийг Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгуулагуудтай ярилцаж эхлээд байна.

 

Өнөөдрийн байдлаар манай шинжлэх ухааны салбарт гурван барилга шинээр баригдаж байгаа билээ. Эдгээр барилгуудаас ХААИС-ийн харъяа Мал эмнэлэгийн хүрээлэнгийн өргөтгөлийн барилга, ШУА-ийн Биобэлдмэлийн туршилт, үйлдвэрлэлийн цехийн барилгыг 2017 ондоо багтаан ашиглалтанд оруулахаар шуурхайлан ажиллаж байна.  Харин ШУА-ийн Нэгдсэн  лабораторийн барилга ирэх 2018 онд дуусаж ашиглалтанд оруулна.

2017 онд шинжлэх ухааны нийт санхүүжилт 33.8 тэрбум төгрөг болж өссөн нь сайхан үзүүлэлттэй байгаа боловч энэ нь ойролцоогоор манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.12  хувь болж байгаа нь шинжлэх ухаан технологи, инновацийг эрчимтэй хөгжүүлэхэд хангалттай санхүүжилт биш гэдгийг бид ойлгож байгаа. Ийм учраас ирээдүйд БСШУС яам Монгол улсын засгийн газрын 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд эрдэм шинжилгээ, судалгааны зардлыг 5 дахин нэмэгдүүлэхээр заасан заалтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно.

 

 

Монгол улсын шинжлэх ухаан хөгжин цэцэглэх болтугай.

 

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

 

 


Бусад мэдээлэл