Манай улсад ой судлалын шинжлэх ухааны эхлэлийг тавьж, хөгжүүлж буй Шинжлэх ухааны доктор, профессор, академич, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүн Ч.Дугаржавтай ярилцлаа.
-ШУА жил бүр эрдэмтдээ алдаршуулж, “Бидний бахархал” өргөмжлөлийг олгодог. Энэ жил та шилдэг зургаан эрдэмтний нэгээр шалгарлаа. Судалгаа, шинжилгээний ажлын тань талаар яриагаа эхлүүлье?
-Хийсэн бүтээснийг минь үнэлж, оны онцлох хүнээр намайг өргөмжилсөнд ихэд талархаж байна. 2019 он ШУА-ийн Биологийн хүрээлэн болон миний хувьд ололт, амжилт арвинтай жил байлаа. Тухайлбал, Монгол Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц байгуулагдсаны 50 жилийн ой тохиолоо. Ойг өнгөрсөн оны аравдугаар сарын 23-25-нд Москва хотод тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн хүрээнд хоёр орны Академи, Биологи, Ботаникийн хүрээлэнгүүд, ОХУ-ын Экологи, эволюцийн хүрээлэнтэй хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулсан.
Хуралд Монгол, ОХУ төдийгүй гаднын эрдэмтэд оролцож, Монгол орны байгаль, экологи, биологийн ботаникийн шинжлэх ухааны өнөөгийн түвшин, ололт амжилтыг хэлэлцсэн. Энэ үеэр хоёр улсын хамтарсан биологийн экспедицийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн 50 жилийн түүх, судалгааны бүтээлийг эмхэтгэсэн гурван боть ном гаргаснаа танилцуулж, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг орос, англи, монгол хэлээр хэвлүүллээ.
-Та хэдийнээс шинжлэх ухааны салбартай холбогдов?
-Би 1964 онд Сүхбаатар аймагт арван жилээ дүүргэж, ШУА-ийн нэр дээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Улсын их сургуульд элсэн суралцсан. 1970 онд сургуулиа төгсөж, ШУА-ийн Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар орж байлаа. Тухайн үед Монгол Оросын хамтарсан биологийн экспедиц байгуулагдсан юм. 1990 оноос хойш бид зөвхөн ОХУ, Герман, Чех Улсаас гадна дэлхийн бусад оронтой хамтран ажиллах боломж нээгдэж, ботаникийн шинжлэх ухаан хөгжих боломжийг нээж өгсөн.
-Энэ чиглэлээр суралцахад чухам юу нөлөөлөв?
-Манай дунд сургуулийн анги удирдсан багш ургамал судлалын багш байсан юм. Багш минь бидэнд хичээлээс гадуур дугуйлан, секц явуулж, тасалгааны ургамлыг хэрхэн арчлахаас эхлээд байгаль дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцах талаар зааж сургадаг байлаа. Сургуулийнхаа хашаанд бид багшийнхаа заавраар мод, сөөг тарьдаг байв. Энэ үеэс л би ургамал судлаач болно гэж зорьсон доо. Би мод, ургамалгүй тал газрын хүн. ОХУ-ын Сибирийн ой дундуур галт тэргээр явж, Санкт-петербургийн ойд амьдрахдаа ой судлалыг ихэд сонирхох болсон.
Миний сонирхлыг манай ургамал судлалын тэнхимийн эрхлэгч, доктор профессор И.Блюменталь багш анзаарч, энэ чиглэлээр суралцахыг дэмжсэн юм. Анхны судалгааны ажлаа би одоогийн Украин Улсад байдаг Харьков мужийн царцсан ойн нөөц, тархац, байгалийн нөхөн ургалт гэсэн сэдвээр эхлүүлж байсан. Тухайн үед би гуравдугаар дамжааны оюутан байлаа. Үүнийгээ үргэлжлүүлэн судалж, дипломын ажлаа энэ сэдвээрээ хамгаалсан.
-Таныг ой судлалын чиглэлээр суралцсан анхны монгол эрдэмтэн гэдэг шүү дээ?
-И.Блюменталь багш минь “Монгол орон ой мод багатай ч энэ чиглэлээр мэргэжилтэн байхгүй. Тиймээс чи ой судлалаар суралцах нь зүйтэй” хэмээн зөвлөсөн. Намайг 1970 онд сургуулиа төгсөж ирэхэд манайд хээр, цөл, нугын ургамал судалдаг судлаач олон байсан. Харин ой судалдаг хүн байгаагүй. ШУА-д ойн суурь судалгааны ажлын эхлэлийг тавьсан монгол эрдэмтэн нь би. 1990 онд манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн.
Тухайн үед судлаач, эрдэмтэд шинжлэх ухааны байгууллагаас гарч өөр салбар руу “урван” орж байв. Харин би энэ ажилдаа дур сонирхолтой, үүндээ хөтлөгдөн өдийг хүртэл эрдэм шинжилгээний туслах ажилтнаас шинжлэх ухааны доктор, профессор болтлоо ажиллаж байна даа. Оросын царс модон ойг судалж байгаад Монгол орны ойг судлах маш сонирхолтой байсан. Манайх уулын ой. Ойг бүрдүүлэг модны бүтэц нь өөр. Модны өндөр бүдүүн, диаметрээс нь эхлээд судалгааны ажлаа эхлүүлсэн.
-Ой судлалын шинжлэх ухаан манай улсад тэр үеэс эхэлсэн гэсэн үг үү?
-Монгол орны ой судлалын судалгааны ажил 1924 оноос эхэлсэн түүхтэй. Гэхдээ энэ нь яг ойн мэргэжлийн судалгаа биш, ургамал, амьтан судлалын чиглэлээр түлхүү судалсан байдаг. Гаднын улсаас эрдэмтэд ирж, тодорхой газар нутгийн ой, модны нөөцийг тодорхойлж байсан юм билээ. Анх 1957 онд Монгол орны ойн талбай, сангийн хэмжээг ОХУ-ын Санкт-Петербургийн эрдэмтэд судлан тогтоосон. 1970 онд Монгол Оросын хамтарсан биологийн экспедицийн бүрэлдэхүүнд ойн судалгааны 10 гаруй хүнтэй анги байгуулж, 10 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
Ингэснээр орчин цагийн суурь Шинжлэх ухааны академик ажлыг эхлүүлсэн гэж үздэг. Мөн 1969 оноос хуучнаар Хөдөө аж ахуйн дээд сургуульд ойн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Тэр үеэс үндэсний мэргэжилтэн бий болох эх суурь тавигдсан. Түүнчлэн ШУТИС, МУИС-д ойн мэргэжилтэн бэлтгэх болсон. Манай ой судлал харьцангуй залуу шинжлэх ухаан.
-Өнгөрсөн жил та ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсон гэсэн. Монгол Улсын эрдэмтэн гаднын улсын академид гишүүн болно гэдэг хариуцлагатай хийгээд бахархалтай үйл явдал болов уу?
-ОХУ-ын ШУА-ийн их чуулган өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд болсон юм. Энэ үеэр гадаад гишүүнээ сонгох нууц санал хураалт явуулж, 2500 гаруй хүнээс гадаад гишүүнээр намайг сонгосон. Ингэж гишүүнээр сонгоход гурван шатны сонгууль болдог юм. Тэд гаднын улсаас тэр бүр гишүүнээ сонгоод байдаггүй. Манай улсаас 1921 оноос хойш хоёр хүн тус академид гишүүнээр сонгогдсон. Гуравдахь би. Гишүүнээр сонгогдоод диплом, энгэрийн тэмдгээ гардан авахад Тус улсын ШУА-ийн ерөнхийлөгч А.Сергеев “Ч.Дугаржав доктор, профессор нь манай улсад мэргэжил эзэмшсэн “Орос школа”-тай.
Улмаар манай Оросын шинжлэх ухааны нэр төрийг өндөрт өргөж яваа Монгол дахь төлөөлөгч юм. Монгол Оросын хамтарсан биологийн экспедицэд тасралтгүй 50 жил ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний судалгаа шинжилгээний бүтээлүүд олон хэл дээр хэвлэгдсэн дэлхийд танигдсан эрдэмтэн” хэмээн өргөмжилж, гардуулан өгсөн юм.
-Байгалиа онгон дагшнаар нь хадгалан үлдсэн манай улсын ойн нөөц, байгалийн онцлог нь чухам юу юм бэ?
-Монгол орон 18.1 сая га талбайн ойн нөөцтэй. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ харьцангуй бага талбай буюу найм орчим хувийн ойн сантай. Харин нэг хүнд ногдох ойн нөөцөөр дэлхийн бусад улсаас дээгүүрт тооцогддог. Монгол орны ойн нөөц нутгийн хойд хэсгээр буюу Хангай, Хэнтий, Хөвсгөлийн нуруугаар ургадаг. Уулын ой учраас ойн хөрс усыг хамгаалах усны горимыг зохицуулах, чийгийг хадгалах мөнх цэвдгийг барих зэрэг экологийн чухал үүрэгтэй. Иймд ойн модлогийг нь ахуй хэрэглээнд хэрэглэхээс илүү экологийн талаас хамгаалах нь илүү чухал.
-Ойг судлаад хагас зуун жил болжээ. Судалгааны ажил хийснээс хойш бидэнд ямар ахиц дэвшил гарч байна вэ?
-ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд 1980 он гэхэд 7-8 хүнтэй ойн судалгааны баг бүрдэж, лабораторийн судалгаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш боловсон хүчин олноор бэлтгэж, эрдэмтэн докторууд ч төрөн гарсаар байна. Бид ойжуулалтын ажил хийж, ойн нөөц бүрдүүлэх ажлыг эхлээд багагүй хугацааг өнгөрөөлөө. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Хялганат, Шарын голын ойд Мод үржүүлгийн газар байгуулж, ойгүй болсон талбайг ойжуулсан.
1975 оноос эхлүүлсэн энэ ажил одоог хүртэл үргэлжилж, 2000 гаруй га газарт таримал ой бий болгосон байна. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд 2000 оноос эхлэн мод тарьж эхэлсэн. Би өөрөө тэр нутгийн хүн л дээ. Жилд 2-3 настай нарс, шинэсний 1000 гаруй суулгацыг тэнд аваачиж тарьдаг, одоо 20 мянган суулгац ургаж байна. Одоогоос 20 жилийн өмнө анх тарьсан суулгац хамгийн дээд тал нь долоо орчим метр өндөр мод болсон байна лээ. Тэгэхээр ой судлалын ажил зөвхөн ой модоо хамгаалаад зогсохгүй модгүй тал, хээрийн бүсийг ч ойжуулах боломжтой гэдгийг бид амьдрал дээрээ харуулаад явж байна.