Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2015” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2015” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Монголын археологи-2015” эрдэм шинжилгээний хурлыг 2 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар өнгөрсөн 2015 онд манай түүхч, археологич эрдэмтэн, судлаачдын болон олон улсын хамтарсан 40 гаруй эрдэм шинжилгээний экспедицийн тайлангийн үр дүнг хэлэлцэв. Энэ удаагийн хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс гадна 6 байгууллагын 70 орчим судлаач, гадаадын 50 гаруй эрдэмтдийн оролцож, 49 илтгэл хэлэлцүүлэв.

Археологийн салбарын судлаач, эрдэмтэд 2015 онд Монгол Улсын хэмжээнд илрүүлсэн түүхэн олдворуудаас онцлон дурдвал, өмнө нь огт судлагдаагүй байсан эртний Сяньби нарын бүтэн олдворыг Баян-Өлгий аймгийн нутгаас олж нээлээ.  Хүннүгийн шавар ваар савны урлагийн олон шинэ олдворыг Тамирын Улаан хошууны булшнаас илрүүлсний дотор Дундад Азиас гаралтай шавар савнууд байсан нь Төв Азийн эртний соёл иргэншлийн хэлхээ холбоог илэрхийлэх чухал баримт болжээ. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Чингис хааны анхны нийслэл Аваргын балгасанд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух, алт мөнгөний дархны бүрэн хэрэгслийг анх удаа нээн гаргаж илрүүлснийг археологчид онцолж байв. Эдгээр үнэт олдворуудыг ирэх 4 дүгээр сараас эхлэн олон нийтэд дэлгэн үзүүлэх аж. Олдворуудыг сэргээн засварлах ажил ШУА-ийн төв лабораторид явагдаж байгаа юм.

Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Сарьдагийн хийдийн суурины малтлагаас гарсан 17-р зууны түүхийг илэрхийлэх монгол цэргийн бүрэн хэрэгсэл. Өндөр гэгээн Занабазарын урласан 3000 шавар бурхан зэрэг чухал олдворыг  археологичид 2012 оноос эхлэн гурван жилийн турш малтлага хийж илрүүлжээ. Түүхэнд тэмдэглэснээр Сарьдагийн хийдийн суурь нь Улаанбаатар хотын нэг үүсэл гэж үздэг. 1950 оноос Монголын археологичид эртний хот суурины судалгааг эхлүүлж, монголчууд Манжийн дарлалд орохоос өмнө амьдарч байсан 11-12 хотын суурийг илрүүлсэн юм. Харин хот суурины судалгааны ажил сүүлийн үед зогсонги байсныг сэргээж, Сарьдагийн хийдийн гол цогчны нэгээхэн хэсэг болох хотын суурийг малтан судалсан нь ийнхүү үр дүнтэй болжээ.


 



Бусад мэдээлэл