Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

'Зүрх судасны өвчний тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам' хэлэлцүүлэг өнөөдөр Шинжлэх ухааны академийн байранд боллоо. Хэлэлцүүлэгийг Монголын анагаах ухааны академи, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ач” анагаах ухааны их сургууль хамтран зохион байгуулж, ЭМЯ, БСШУСЯ, Мэргэжлийн төвүүдийн төлөөлөл оролцлоо. 

Иргэний хүний тамхи татах, архи уух, хэт их бухимдах, таргах, өөх тостой хоол идэх нь зүрх судасны өвчлөлд хүрэх хамгийн том шалтгаан болж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Сүүлийн жилүүдэд энэ өвчин Монголд төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг татаж, нас баралтын тэргүүлэх хэмжээнд хүрээд байна. Мөн зүрх судасны өвчнөөр өвлөгч хэт залуужсан нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа асуудал болсон билээ. 

Хэлэлцүүлгийн үеэр “Зүрхний архаг дутагдлын тулгамдсан асуудлууд”, “Зүрхний шигдээс, судсан дотуур мэс заслын эмчилгээний тулгамдсан асуудлууд”, “Артерийн гипертенз, шалтгаан, оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт”, зэрэг илтгэлүүд тавигджээ.

Энэ үеэр профессор Б.Бурмаажав дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Монголын анагаах ухааны академиас зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулах хэлэлцүүлэгийг хийлээ. Сүүлийн 30 жилд нас баралтаар зүрх, судасны өвчлөл тэргүүлж байдаг. Монгол улс энэ өвчний нас баралтаар дэлхийд бараг тэргүүлж байна гэж үздэг.  Мэргэжлийн судлаачдыг оролцуулаад хэлэлцсэний үр дүнд Эрүүл мэндийн яаманд зөвлөмж хүргүүлье гэж ярилцлаа. Аль ч өвчин эмгэгийн 70 хувь нь хувь хүн өөрөөс нь хамаардаг бол 30 хувь нь эмнэлэгийн тусламжтай холбоотой гэж үзэж байгаа. Зүрх, судасны өвчлөлд төрөөс гаргаж байгаа төсөв хөрөнгийн 70 орчим хувийг сэргийлэлтэд зориулья гэж үзэж байна. Хэрвээ сэргийлж чадах юм бол эрсдэлтэй, өндөр үнэтэй эм авч, шинжилгээнд заавал орох шаардлагагүй. Уур амьсгалын өөрчлөлт, хэт халалттай үед хүн өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Яаж зөв хооллох вэ? Чихрийн шижинг яаж бууруулах вэ? зэрэг маш олон эрсдэлтэй хүчин зүйлүүд байгаа. Гадаа тавьсан сурталчилгааны самбарын 70 хувь нь ийм эм аваарай гэсэн сурталчилгаа байгааг оюутнууд судалгаагаар гаргаж байна.  Гэтэл өнөөдөр яаж би эрүүл байх вэ гэдэг сурталчилгаа ховор байна. Ядаж үүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Мөн оношлогоо эмчилгээний тухай ярьж байна. Манай оношилгоо, эмчилгээ дэлхийн түвшинд хүрч чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс зөвлөмжийг яаманд хүргүүлнэ.” гэлээ.

Зүрх судасны өвчний бүртгэлжүүлэлт хангалтгүй байна гэсэн судалгаа гарсан. Цахим бүртгэлийг сайтар хийж, зайн оношилгоо, эмчилгээ, сургалтыг сайн явуулах ёстой учраас Эрүүл мэндийн яаманд зөвлөмж хүргүүлэх болсноо эмч, мэргэжилтэнүүд хэлж байв. 


Бусад мэдээлэл