Боловсрол, шинжлэх ухааны салбарын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ”Нээлттэй хаалганы өдөрлөг” 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингисийн талбайд боллоо. Энэ өдөр боловсролын салбарын бүх байгууллагууд иргэдэд нэг дор үйлчилсэн юм. Нээлттэй өдөрлөгт Монгол улсын Шинжлэх ухааны Академи, түүний харъяа 22 хүрээлэн төв, БШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сан, Боловсролын үнэлгээний төв, Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын газар, их, дээд сургуулиуд оролцож боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байв.
Шинжлэх ухааны Академийн хувьд академийн эрдэмтэн судлаачдын сүүлийн жилүүдэд хийж буй судалгааны ажил, нээлт, бэлэн болсон бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэснээс гадна үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой шинэ технологиудыг танилцуулсан юм.
Боловсрол, шинжлэх ухааны яам 90 жилийнхээ ойн хүрээнд нилээд олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал "90 жил 90 фото" түүхэн, баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулсан бол Багшийн хөгжлийн ордонд 90 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ. Түүнчлэн БШУЯ-ны 401 тоотод боловсрол, шинжлэх ухааны салбарын 90 жилийн түүхийг агуулсан ховор нандин эд зүйлсийг дэлгэн үзүүлэх зорилгоор Түүхийн танхимыг нээжээ.