Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд өнөө жил 22 дахь удаагаа тэмдэглэнэ. Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хоморголон хэлмэгдүүлэлт болсны 80 жил тохиож буй энэ онд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 9 дүгээр сарын 10-ны өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд таниулан сурталчлах олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.
“Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 9 дүгээр сарын 7-ны өдөр Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны Хурлын танхимд боллоо. Хурлыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Хуралд Монгол Улс, ОХУ, Япон Улс, ХБНГУ-ын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Хурлын нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар болон албаны бусад хүмүүс, эрдэмтэн судлаачид, хэлмэгдэгсдийн үр хүүхдийн төлөөлөл оролцлоо.
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 12:00 цагаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Хамбын овоон дахь хэлмэгдсэн лам нарт зориулсан их суваргад хүндэтгэл үзүүлэх, Улсын драмын эрдмийн театр болон Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид улс төрийн хэлмэгдүүллийн тухай жүжиг, уран бүтээлээс хэсэгчлэн тавьж, ард иргэдэд сонирхуулах арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагаатгах ажлыг удиран зохион байгуулах улсын комисс хамтран зохион байгуулна. Мөн 9 дүгээр сарын 10-ны өдөр "Хэлмэгдэгсдийн хөшөө", Сонгинохайрхан ууланд байрлах хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөх юм.