Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн манай улсад хийж буй айлчлалын хүрээнд хоёр орны Шинжлэх ухааны академи хоорондын Хамтын ажиллагааны хэлэлцээрт Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Болгарын ШУА-ийн ерөнхийлөгчийн зөвлөх, сурвалжлагч гишүүн Стефан Хажитодоров нар 5 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурлаа.
Талууд эрчим хүчний нөөц болон эрчим хүчний хэмнэлт, био-эмнэлзүй болон амьдралын чанар, биологийн олон төрөл зүйл, бионөөц болон экологи, цаг агаарын өөрчлөлт, эрсдэл болон байгалийн нөөц баялаг, соёл-түүхийн өв ба үндэсний онцлог, хүн ба нийгэм судлал гэсэн үндсэн 6 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн энэ үеэр талууд шинжлэх ухаан, боловсрол, сургалт, технологи дамжуулах болон мэдлэгийг харилцан солилцохыг хөхиүлэн дэмжих нийтлэг сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Хоёр орны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа олон жилийн өмнөөс эхтэй бөгөөд 1997, 2002 онуудад шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах, тэр дундаа хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж байсан юм.