Монгол Улсын Засгийн газар 2012 онд НАТО-той түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын ШУА-тай НАТО-ийн Энхийн төлөө шинжлэх ухаан хөтөлбөрийн хүрээнд “Цэргийн зориулалттай газар нутгийн экологийн эрүүл ахуйн геомэдээллийн сан” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийг Словакий Байгаль Орчны Агентлагтай хамтран ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Батлан хамгаалах яам, Байгаль орчны мэдээллийн төв зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгааг Геоэкологийн хүрээлэн хийж манай улсад хуучин цэргийн зориулалтаар ашиглаж байсан 17 байршлыг илрүүлжээ. Эдгээр нь ЗХУ-ын цэргийн анги нэгтгэл байрлаж байсан газрууд бөгөөд өнөөдөр ихэнхи байршилд газрын доройтол, хөрс усны бохирдол илрэх болжээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн сурвалж болон хээрийн судалгааны дүнгээр орхигдсон буюу хуучин цэргийн зориулалттайгаар ашиглаж байсан байршлуудад барилгын материал, нефтийн бүтээгдэхүүний бохирдол их байгаагийн зэрэгцээ дэлбэрэх, тэсрэх бодис, зэвсэг их хэмжээгээр илэрч байгааг тогтоосон юм.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, энэ сэдвээр олон улсад ямар судалгаа хийснийг үндэсний мэргэжилтнүүдэд танилцуулах зорилгоор 6 дугаар сарын 6-наас 7-ны өдрүүдэд “Цэргийн зориулалтаар ашиглаж байсан газрын экологийн судалгаа” сэдэвт сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар Словакийн Байгаль орчны Агентлагийн мэргэжилтнүүд өөрийн туршлага, судалгааны арга, түүний үе шат, лаборатори болон хээрийн судалгаанд ашиглах багаж төхөөрөмж зэрэг олон сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Үүнээс гадна Налайх дүүрэгт байрших хуучин цэргийн зориулалтаар ашиглаж байсан газар дээр хээрийн нөхцөлд дээж авах, анхдагч дүгнэлт гаргах сургалтыг хийсэн нь оролцогчдод илтгэлийн явцад гарсан үндсэн арга аргачлалыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой сургалт болсон юм.