Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсад суугаа Вьетнамын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсад суугаа Вьетнамын Элчин сайдыг хүлээн авч уулзав

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч, доктор /Ph.D/, дэд профессор Д.Шүрхүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хоанг Туан Тхинийг томилолтын хугацаа дуусч нутаг буцаж байгаатай холбогдуулан энэ сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Хоанг Туан Тхинь томилолтын хугацаанд хамтран ажиллаж байсан ОУСХ-ийн хамт олонд талархал илэрхийлээд цаашид монголын тухай судалгааны өгүүллийг вьетнам хэл рүү хөрвүүлэн өөрийн ард түмний хүртээл болгох ажилд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлэв.

2012 оноос манай ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн санаачилгаар Монгол, Вьетнамын эрдэм шинжилгээний салбар дахь уламжлалт хамтын ажиллагаа сэргэн маш эрчимтэй хөгжиж байна. Элчин сайд Хуанг Дуан Тхинь энэхүү  хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж буйд ОУСХ-ийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч, доктор /Ph.D/, дэд профессор Д.Шүрхүү дахин талархал илэрхийлээд өөрийн хамт олны бүтээлийн дээжээс дурсгав.

Мөн өдөр ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин, Дэд ерөнхийлөгч, Академич Т.Дорж нар Элчин сайд Хоанг Туан Тхинийг хүлээн авч уулзан, хүндэтгэлийн зоог барилаа.

Уулзалтын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин “Манай хоёр орон нь түүхэн уламжлалт, ах дүүгийн найрсаг харилцаатай, хүнд хэцүү үед боломжийн хэрээр харилцан туслалцаж ирсэн сайхан дурсамж биднийг холбосоор  ирсэн юм. Хэдийгээр хоёр орны харилцаа хэсэг хугацаанд зогсонги байдалтай байсан боловч сүүлийн үед бүх салбарт харилцаа эргэн сэргэж байгаа энэ үед шинжлэх ухааны байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны цоо шинэ үе эхэлж байгаа нь манай хоёр орны хөгжил дэвшилд асар их ач холбогдолтой зүйл болсоныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм. Томилолтоор ажиллах хугацаандаа шинжлэх ухааны байгууллагууд хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайд та үнэтэй хувь нэмэр оруулсаныг бид мартахгүй” хэмээн талархал илэрхийлж, Элчин сайдын цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм.

Хоёр орны академийн удирдлагуудын санаачилгаар монгол улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн дэргэд Вьетнам судлалын төвийг 2012 онд байгуулсан бөгөөд энэ оны 3 дугаар сард БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгийн дэргэд Монгол судлалын төвийг нээхээр ажиллаж байна. 


 



Бусад мэдээлэл