Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЗАЛУУ ЭРДЭМТДЭД ТУС БҮР 10 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО
ЗАЛУУ ЭРДЭМТДЭД ТУС БҮР 10 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

Бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэтгэлгийн батламжийг гардуулах үеэр хэлсэн үгэндээ “шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлоод залуу эрдэмтдийн бүтээлүүд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтдийн төлөөлөл, ШУТИС-ийн багш А.Одгэрэл “Гадаадын томоохон сургуулиудыг амжилттай төгсөөд ирсэн залуу судлаачдын хувьд судалгааны ажил хийх орчин нөхцөл манай улсад хүндрэлтэй байдаг. Тийм учраас тэтгэлэг бидэнд томоохон дэмжлэг болж чадна. Судалгааны ажлыг дэмждэг гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг бусдадаа түгээж, судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч мэдлэг, хандлагыг нийгэмд түгээж байя” гэсэн юм.

Тэтгэлэг гардуулах ёслолд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал С.Намсрайжав нар оролцож, залуу эрдэмтдэд баяр хүргэлээ.

Энэ жилийн тэтгэлгийн шалгаруулалтад 36 төсөл ирснээс “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу сонгон шалгаруулж, дараах нэр бүхий 10 судлаачид олгосон байна.

Цэрэндондогийн Тэнгис (Хиймэл оюун ухаанд суурилсан дроны хөгжүүлэлт)

Чимэдсүрэнгийн Жавзандулам (Ингэний сүүгээр пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн оновчтой шийдлийг сонгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа)

Аюурзаны Одгэрэл (Улаанбаатар хотын усны тоолуурын автомат системийн хөгжүүлэлт)

Болдын Баярмаа (Фотодинамик аргаар ургамлын эмгэгтөрүүлэгчдийг идэвхгүйжүүлэх судалгаа)

Батсайханы Батболд (Вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дах цитокинуудын тусламжтайгаар тодорхойлох боломж)   

Болдбаатарын Чинчулуун (Хүн, малын зооноз бэтгийн халдварыг оношлох фермент холбох эсрэг биеийн урвал /ФХЭБУ/-ын цомог гарган авах)

Бадарчийн Энхдолгор (Мангирын – allium senescens l чанарыг судлах ба тэжээлийн үйлдвэрлэлд нэвтрүүлэн мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх)

Самгайн Одончимэг (Бага агуулгатай алт тодорхойлох эко дэвшилтэт аргачлал боловсруулах нь)

Игорийн Даваажаргал (Монгол оронд тариалагдаж байгаа хүлэмжийн нарийн ногооны вирусын халдварын илрүүлэг, оношлогоо)

Болдын  Одгэрэл (Буудайн соёолжид агуулагдах антиоксидантын судалгаа)

Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторууд бие даан судалгааны ажил хийж үр дүнгээрээ дэвшүүлсэн шинэлэг, бүтээлч санал санаачилгаа инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэх, туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг урамшуулан тэтгэх зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор уг тэтгэлгийг 96 залуу доктор хүртээд байна.



Бусад мэдээлэл