Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХҮРЭЛТОГООТ-2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
“ХҮРЭЛТОГООТ-2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын Байгалийн ухааны салбарын хуралдаан 10 дугаар сарын 7-ны өдөр Одон орныг судлах Хүрэлтогоот төвд эхэллээ.

Хурлыг БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хуралдааныг Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг, Гарааны “Технологийн Инкубатор” ХХК, “Монхимо” ХХК, “Хан Лаб” ХХК, “Шинэ Монгол Дээд Сургууль” тус тус ивээн тэтгэж оролцсон юм.

Байгалийн ухааны салбарын “Хүрэлтогоот-2017” хуралд 50 гаруй илтгэлээс шалгарсан нийт 12 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд ШУА-ийн ФТХ-ийн судлаач Л.Сарантуяа “Литийн ион батарейн анодын материал болох спинел li4ti5o12 материалыг гарган авах, түүний шинж чанарын судалгаа” сэдэвт судалгаагаар Тэргүүн байр, ШУА-ийн ЕСБХ-ийн судлаач Р.Одонгоо “Хожуу хүрэл болон хүннүгийн үеийн булшнаас олдсон эртний хүний молекул генетикийн судалгаа” сэдэвт судалгаагаар Дэд байрт тус тус шалгарч БСШУСЯ-ны Сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо.

Мөн Тэргүүн байрын эзэн Япон улсын Саппоро хотод 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохиогдох “Хөгжлийн гарц, шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнагдсан юм.

Харин ивээн тэтгэгч байгууллага, судлаачдын нэрэмжит тусгай байрын шагналаар Ш.Цэрэндүг (ООГХ), У.Баярзул (ХХТХ), Д.Мөнгөннаран (ХХТХ), Б.Болормаа (ХХТХ), “Мэргэжил нэгтний нэрэмжит” анхдугаар шагналыг Ц.Тайвансайхан (ШМТДС) нар хүртлээ. Дашрамд дурдахад СЭЗИС-ийн багш математикч, доктор, профессор Ч.Наранчимэгийн санаачилсан “Мэргэжил нэгтний нэрэмжит” энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг санаачилгыг “Монхимо” ХХК-ий Эрдэм шинжилгээ туршилтын төвийн захирал, химич, доктор Д.Дэмбэрэлнямба мөн дэмжиж байгаагаа илэрхийлж гурван судлаачид тусгай байрын шагналыг тус тус олгосон юм.

 


 


Бусад мэдээлэл