Токиогийн гадаад судлалын их сургууль, Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэн, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон холбогдох байгууллагууд хамтран “Монголын газрын зураг, газрын нэрийн түүх-соёлын судалгаа” сэдэвт олон улсын бага хурлыг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд ШУА дээр зохион байгууллаа.
Хурлыг нээж ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Токиогийн гадаад судлалын их сургуулийн захирал Х.Фүтаки нар үг хэлэв. Эрдэм шинжилгээний хуралд газрын зураг, газар усны нэр судлалын чиглэлээр ажилладаг Монгол, Япон, БНХАУ, ОХУ, Польш улсын эрдэмтэд оролцож илтгэл тавьсан юм.
Хурал “Газрын зураг”, “Газар нутгийн нэр” гэсэн 2 үндсэн салбар хуралдаанаар үргэлжилсэн бөгөөд хурлын төлөөлөгчид монголын түүх, хэл бичиг, түүний дотор монголчуудын хийсэн газрын зургийн талаар ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлэв. Тухайлбал Токиогийн гадаад судлалын их сургуулийн захирал Х.Фүтаки “Чин улсын үеийн Засагт хан аймгийн газрын зургийн тухайд” сэдвээр, МУИС-ийн багш Э.Равдан “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэрийн түүх-соёлын улбаа” сэдвээр, Улаанбаатар их сургуулийн багш Ц.Шагдарсүрэн “Монгол газрын зургийн шинэ олдворын тухайд” сэдвээр, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун ”17 дугаар зууны Оросын элч нарын тэмдэглэл дэх зарим газар усны нэрийн тухай” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Хурлын дараа төлөөлөгчид Монголын үндэсний номын санд хүрэлцэн очиж “Монголын газрын зургийн үзэсгэлэн”-г үзэж сонирхсон юм.